0

Энэ удаад физикийн ШУ-нд хувьсал хийсэн квант механикын талаар өгүүлэх болно. 19-р зууны сүүл үеэс эрдэмтэд орчлон ертөнцийн “маш жижиг” хэсгийг судлах чадвартай болсноор судалгаанууд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд “молекул, атом” байдгыг илрүүлэв. Гэвч тэдгээр молекул, атомууд нь физикийн энгийн хуулиудад “захирагдахгүй” байгааг олж мэдсэн байна.  Ийнхүү физикийн тулгуур хуулиудаар квантын ШУ-г тодорхойлох боломжгүй байсан тул эрдэмтэд бичил ертөнцөд байх цоо шинэ хуулийг нээж олохоор судалгааны ажилдаа ханцуй шамлан орцгоожээ.

Макс Планк – (1858-1947)

Макс Планк дунд сургуульд байхдаа физик сонирхон судалж байсан бөгөөд тэр үеийн ихэнх эрдэмтэдэд “дэлхий өөрчлөгдөж, шинээр бүтээсэн машин, төхөөрөмжөөр хангинаж байх үед шинжлэх ухаанд хийгээд байх зүйл бараг үлдсэнгүй” гэх хандлага байлаа. Энэ үед Планк өөрийнхөө амьдралыг математик эсвэл физикт зориулах эсэхээ шийдэн ядаж байхад хүмүүс түүнд “нээж болох бараг бүх зүйлсийг гүйцээчихсэн тул физикийг сонгох хэрэггүй, ирэх зуун жилд гагцхүү сайжруулалт л явагдах болохоос цоо шинэ хувьсал хийгдэхгүй” хэмээн зөвлөж байв.  Гэвч мань эр тэднийг сонсолгүй онолын физикт суралцаж, улмаар термодинамикийн үндсэн асуудал болох “энтропи”-г судалснаар 1891 онд бүтээлээ танилцуулсан боловч түүнээс урьтаад хэдийнээ хийчихсэн болохыг олж мэдэв. Энэ явдалд ихээр шантарсан ч тэрээр шинэ судалгаагаа хийж эхэлсэн байна

ХХ-р зууны эхэнд физикийн ертөнцөд агуу том 2 нээлт хийгдсэн бөгөөд эхнийх нь Эйнштейний “харьцангуйн онол” 2 дахь нь Макс Планкийн “квант механикийн онол” юм. Харьцангуйн онол нь материйн асар томын тухай, квантын онол нь материйн өчүүхэн хэсгийн тухай онол гэж товч ойлгож болно. Планк нь хүн төрөлхтөнд квантын эрин руу орох хаалгыг нээж өгсөн анхдагч эрдэмтэн бөгөөд 1900 онд 42 настайдаа “квант механикийн онол”-г нээсэн билээ. Квант механик нь товчхондоо маш өчүүхэн жижиг эгэл биетүүдийг судалдаг, тайлбарладаг шинжлэх ухаан юм.

Аливаа биес молекулаас бүрдэнэ, молекул атомаас, атом нь электрон цөмөөс, цөм нь протон нейтроноос, энэ нь цааш кварк, квант зэргээр задарч эцэстээ электрон болон бөөмсийн доторх утаслал гэсэн санаанд багтамгүй бичил хэмжигдэхүүнд тулна. Планкын онолоор “атом, молекулын эрчим хүч нь усны урсгал шиг үргэлжилсэн зүйл биш, харин тусдаа багц хэлбэртэй байдаг” гэх зарчим бөгөөд тэрхүү багцийг “квант” хэмээн нэрлэх болсон байна. Энэхүү онол нь квант механикийн суурийг тавьсан гэж бүх эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг байна.

Макс Планкын шинжлэх ухаанд оруулсан гарамгай хувь нэмрийг нь үнэлж 1918 онд түүнд Нобелийн шагнал хүртээсэн билээ. Түүний томьёолж гаргасан “Планкын тогтмол” –г квантчлалыг тодорхойлоход ашиглагддаг байна. Планкын тогтмол томъёо нь ОУ-н SI хэмжигдэхүүний стандартад албан ёсоор байдаг.

Квант механик нь ХХ-р зууны туршид гүнзгий судлагдан олон эрдэмтэд тус бүртээ шинэ нээлтүүд хийж цаашлаад физик болон мэргэжлийн бүхий л салбарууд руу салааалан, квант хими, квант электроник, квант оптик, мөн квант мэдээллийн шинжлэх ухаан гэх мэт дэд салбаруудад хуваагдан хөгжжээ.

 

0