Энэ удаад солирын талаар товч өгүүлье.
Солир нь хатуу биет бөгөөд тэнгэрээс ирэгч чулуу юм. Гараг хоорондын орон зайд янз бүрийн жижиг хатуу биетүүд оршдог ба нарны аймгийн таталцлын хуулинд захирагдаж энд тэнд тэнүүчлэн “явдаг” байна. Эрт цагт буюу эх дэлхий үүсэж буй үед дэлхийд байнгын солир унаж, галт хайлмаг урсаж, дэлбэрэлт болж аймшигтай нөхцөл байдалд байжээ. Энэхүү байнгын солирын бороо нь Бархасбадь бүрэн бүрэлдэж дуусаагүйгээс гарагын татах хүч сул байсантай холбож тайлбарладаг.
Солирын бүс – Asteroid Belt
Солирын бүс нь Бархасбадь, Ангарагын дунд байрлах бөгөөд олон сая том жижиг солирууд энд эргэлдэж байдаг. Бархасбадь гарагын татах хүчний асар хүчтэй нөлөөнд эдгээр солирууд оршдог бөгөөд манай дэлхийг аюулгүй байлгахад голлох нөлөө үзүүлдэг байна. Бархасбадь гараг бүрэлдэж бий болсноор татах хүчний асар их нөлөө нь нарны аймагт үүсэж Бархасбадь, Ангараг гарагын дунд Asteroid belt буюу солирын бүс бий болжээ. Энэхүү солирын бүс бий болсноор эх дэлхийд унах солирууд эрс багасаж амьдрал үүсэх нөхцөл бүрдсэн юм.
Дэлхийд унаж байсан солирууд
Бидний мэдэж байгаа хамгийн эртний солир бол 66 сая жилийн өмнө Мексикийн Юкатоны хойг унасан “Чикскулуб” хэмээх солир юм. Энэхүү солир нь 150 км-н диаметртэй, унасан газартаа 20 км гүн шигдэж 200 км-н диаметр бүхий тогоо үүсгэн унасан байна. Үүнээс үүдэлтэй байгалийн гамшиг дэлхий нийтийг хамарч, дэлхийд 2 жилийн турш нар харагдаагүй ба эх дэлхий маань “там” болон хувирсан байна. Энэхүү солирын улмаас амьд амьтдын 75%-нь устаж үгүй болсон гэж үздэг бөгөөд үлэг гүрвэл амьдарч байсан цаг хугацаатай таарч байгаа юм.
Тунгусын солир
1908.06.30-ны өглөө 07:14 минутанд Сибирийн төв хэсэг дээгүүр хойд зүгийг чиглэсэн галан бөмбөлөг нисэн өнгөрч, түүнийг тэр хавийн нутаг дэвсгэрийн оршин суугчид харсан ба удалгүй аянга мэт нүргэлэх дуу чимээ гарсан байна. Тунгусын дэлбэрэлт 800 км алсад сонсогдсон ба 2100 кв.км газрын ойг сүйтгэсэн байжээ. Сонирхолтой нь, тэдгээр унасан модод бүгд нэг зүгт нарны цацраг мэт хэлбэртэй байсан бөгөөд дэлбэрэлтийн дараа “соронзон шуурга” эхлэж 5 цаг үргэлжилсэн байна.
Сонирхолтой нь солирын үлдэгдэл олдоогүй нь төөрөгдөлд оруулан, маргаан үүсэх учир шалтгаан болсон билээ. Судалгаагаар солир буусан гэх газраас 8 км зайд Чеко нуурын ёроолд солирын үлдэгдэл байж болзошгүй зүйл олсноор энэхүү нууранд унасан гэж үздэг байна.
Солирон бороо
2012.02.11-нд Хятадад солирон бороо оржээ. Солирын хамгийн том хэсэг нь 12,6 км жинтэй байсан бөгөөд энэхүү солир Asteroid Belt-с ирсэн гэж үзжээ. Мэдээж хэрэг дэлхийн агаар мандалд орж ирэхдээ жингийнхээ 90%-г алдаж шатсан байна. Манай нарны аймагт одоогоор 2,000 гаруй томоохон хэмжээний дэлхийд “аюул учруулахуйц” солирыг бүртгэж ажиглаж байдаг байна. Солир нь сүүлт од шиг тогтсон тойрог замаар явдаггүй ба гарагуудын татах хүчний нөлөөнд амархан автаж чиглэлээ өөрчилж аюул дагуулах магадлалтай байдаг.
Сонирхолтой нь Цөмийн туршилтыг хориглох төвийн мэдээлснээр 2000 -2013 оны хооронд 26 “цөмийн дэлбэрэлт” бүртгэгдсэн ажээ. Гэхдээ эдгээр нь атомын бөмбөг дэлбэрснээс бус солир дэлхий дээр унаснаас болж үүссэн дэлбэрэлтүүд бөгөөд дэлбэрэлтийн хүч нь 1-600 килотон байсан байна
Солирыг химийн бүтэц, бүрэлдэхүүнээр нь төмөр, чулуун, төмөр-чулуун гэж 3 ангилдаг байна. Манай гараг дээр унасан солируудын ихэнх нь төмөр солир байх агаад аль ч солироос дэлхийд байдаггүй химийн найрлага, бодис огтхон ч олдоогүй байна