8+

Унадаг дугуйн хоёрдахь чухал хэсэг нь бол дугуйн явах эд анги буюу drivetrain билээ. Явах анги нь урд хүрд, урд пирдаж, хойд хүрд, хойд пирдаж, гинжнээс  бүрдэнэ.  “Пирдаж” гэдэг нь Оросоор “передачи” гэх үгнээс удамшсан, англиараа бүр derailleur гэж урт үг бөлгөө. Яг англи ч биш Франц үг юм билээ.  Пирдаж нь явж явж сонсголонтой юм уу даа, аржаатар гэдэг шиг.

Явах ангийн зориулалт хөлийн доош жийх хүчийг хөтлөх дугуйнд дамжуулж эргүүлэх зориулалттай. Анхны дугуйнууд хүүхдийн 3 дугуйт шиг шууд дугуйн гол дээрээ дөрөөтэй байв.  Урд дугуйгаар зэрэг жийх, залах нь хүндрэлтэй аюултай байсан тул инженерүүд хөгжүүлсээр  1880 оны сүүлээр одоогийн дугуйн үндэс болсон хувилбарыг гаргаж иржээ. Тухайн үедээ “safety bicycle” гэж нэрлэгддэг байв.

Олон арааны ач тус

Гинжтэй болоод хойд дугуйгаар хөтөлдөг болсны дараа нэг асуудал тулгарав. Анх дугуйгаа хөдөлгөж хүч авахад амархан байхын тулд урд хойд араа дор хаяж адилхан байх хэрэгтэй,  тэгтэл нэгэнт хөдлөөд хүчээ авчихсан хойно жийхэд хөнгөхөн тул урд араа том, хойд араа жижгэвтэр байх нь зөв ч юм шиг.  Өөд газар эсрэгээр урд араа жижиг хойд нь том болох шаардлагатай байгаа нь тодорхой байлаа. Ер нь хөдөлдөг бүх тээврийн хэрэгсэл шилждэг араатай байдаг. Машин, галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц хүртэл шилждэг араатай.  Унадаг дугуйн араа сольдог одоогийн шийдэл 1950-аад оноос бий болсон.

Пирдаж нь сонгосон байрлалд баруун зүүн тийш шилжиж харгалзах араанд гинжийг аваачих үүрэгтэй.  Пирдажийг руль дээр байрлах хөшүүргээр түлхэж эсвэл мушгиж холбоотой троссыг нааш цааш болгох байдлаар удирдана. Сүүлийн үед троссоор биш цахилгаан удирдлагатай бүр утасгүй удирддаг загварууд ч гарч ирсэн байна.

Хойд араанууд ихэнхдээ 14-16-18-21-24-28-32  шүдтэй бөгөөд зэргэлдээ хоёр арааны шүднүүд хооронд 15%-иар ялгаатай байдаг. Энэ зөрүү бага байх тусам дугуйчинд мэдрэгдэхгүй болж,  жийхэд ачаалал бага өгдөг. Илүү олон 10, 11 араатай дугуйнууд ихэнхдээ энэ зөрүүг багасгахад зориулагдсан.  . Үнэтэй тансаг ангиллын суудлын автомашинууд 8, 9 араатай нь явдал тухтай, бензин бага зарцуулдаг ба унадаг дугуйнд ч адил үйлчилнэ.

Сонголт

Унадаг дугуй сонгохдоо аль болох олон араатайг сонгосон нь зүгээр болохыг та одоо ойлгосон байх. Араагүй эсвэл цөөхөн араатай дугуй авчихаад дараа нь сайжруулахад хүндрэлтэй. Явах эд анги нь араанаасаа шалтгаалаад иж бүрдлээрээ байдаг тул солих бол бүгдийг нь солих шаардлага гардаг.  Жишээ нь 7 араатай дугуйны солигч, гинж, хойд араа буюу хүрд хоорондоо тохирсон араа хоорондын зай, гинжний өргөнтэй байдаг. 9 араатай болгох гэвэл бүгдийг нь хамт солино. Үнийн хувьд 7 араатай нь хямд 9, 10 араатай нь илүү үнэтэй болдог нь зөвхөн араанаас гадна өөр олон нөлөөтэй байдгийг дараагийн нийтлэлээрээ тайлбарлах болно.

Арчилгаа.

Араатай дугуй олон эд ангитай, хөдлөх бүрэлдэхүүн ихтэй тул арчилгаа их шаарддаг.  Хөдлөх ангийн урд тал ерөнхийдөө гайгүй, арааны шүд элэгдсэн, далийсан эсэхийг шалгаад байхад болно.  Урд пирдажны гинж солих төмөр араатайгаа паралелль байгааг эсэхийг үзэхэд гэмгүй.

Харин хойд хэсэгт арчлах зүйл их бий. Пирдажыг юманд цохих, шүргүүлэхээс зайлсхийхгүй бол пирдаж эсвэл их биетэй холбодог шийр ( hanger ) тахийдаг. Нэгэнт тахийсан бол тэгшлэхгүй шууд солихыг зөвлөдөг. Гэхдээ Монголчууд ихэнхдээ тэгшилж харагддаг. Шийр тэгшлэхдээ салгаж байгаад тэгшлэнэ. Харин пирдажийг аль болох бүхлээр нь барьж байгаад татвал зүгээр.

Дугуйгаа өдөр бүр унадаг бол Монголын нөхцөлд сар бүр явах ангийг цэвэрлэж тословол зүгээр.  Урд хойд араануудыг хатуу үстэй сойзоор цэвэрлэж наалдсан хог шороо, тосыг салгана. Хойд пирдажны 2 жижиг араанд их хаг, үс ороод бараг гацаах шахдаг. Чаддаг бол салгаад цэвэрлэнэ, боломжгүй бол сойз, алчуураар л үзэж тарна даа.

Гинжийг бол салгаж байгаад дэвтээж зайлах маягаар шигдсэн шороог унагаах ба усыг сайтар зайлуулсны дараа зориулалтын тосоор тослоно. Гинжээ дугуйндаа буцааж хийгээд маш анхааралтайгаар цагираг бүр дээр дусаах ба дуусаад гаднах хэсгийг заавал цэвэр даавуугаар гүйлгэж цэвэрлэнэ. Илүү тос нь тоос шороо нааж амархан бохирдох, хувцас бусад эд ангируу үсэрч завааруулаад байдаг.  Тослохдоо оёдлын машины эсвэл машины хуучин тосоор тослож болохгүй.  Доор дэлгэрэнгүй заавар орууллаа.

Тохиргоо

Араа солиход үсрээд эсвэл дутуу солигдоод чаг чаг гээд байвал тохиргоо алдагдсан гэсэн үг.  Пирдажны араа хүрдний араа нэг түвшинд  биш болсноос эдгээр асуудлууд үүсдэг. Тохиргоо алдагдах шалтгаан олон янз, тросс нь сунах, тросс тогтоодог боолт сулрах,  пирдаж эсвэл шийр далийх гэх мэт.

Эхлээд дугуйгаа эгц байрлуулаад чанх араас нь харна. Пирдаж, шийр тэгшхэн босоо байх ёстой. Аль нэг нь далийсан бол дээр дурдсан аргуудаар тэгшлэнэ. Хэрэв тэгш бол пирдажруу орсон троссын үзүүрт байгаа эргүүлдэг товхыг эргүүлнэ. Товхыг нар зөв эргүүлбэл пирдаж баруун тийшээ, нар буруу эргүүлбэл зүүн тийшээ шилжинэ. Эргүүлж тохируулсны дараа араагаа шилжүүлж араа бүрт чөлөөтэй шилжиж байна уу шалгах шаардлагатай.

 

Унадаг дугуйн талаар бусад мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Эх сурвалжууд, ашигласан материалууд:

https://www.sacbikekitchen.org/wp-content/uploads/2017/06/shifting.jpg
https://creativecommons.org/licenses/by-sa/3.0/
https://electricbikereview.com/forums/threads/simple-rear-derailleur-adjustment.23747/

8+