Оросын шинэ үеийн үндсэн байлдааны танк гэгдээд буй Армата платформын танканд 152мм их буу тавих асуудал зэвсэг техник сонирхогчдын анхаарлыг татаж байгаа билээ.
Энэ нь 2А83 гэх загварын их буу бөгөөд зэвсэглэлд ороход тун дөхсөн гэх мэдээлэл сонсогддог.
152мм -н их буу нь томоохон улсуудын үндсэн байлдааны танкны их буунуудад сүүлийн 50 жил шахуу стандарт болоод байгаа 120-125мм калибраас сумны хүч хол илүү гэдэг нь ойлгомжтой юм.
Гэтэл үүний зэрэгцээ энэ их буу нь цөмийн цэнэгтэй сумаар буудах чадвартай гэдэг нь хүмүүсийн сонирхлыг илүү их татаж, шуугиан тарьж байх шиг байна. Цөмийн танк!

Үнэндээ бол 152мм -н их буунууд оросын артиллерийн зэвсэглэлд эртнээс нааш хэд хэдэн төрлөөр байсаар ирсэн бөгөөд тэд бүгд л цөмийн хошуутай сумаар буудах боломжтой байсан юм. 152мм -н сумны хошуунд зориулсан 2.5 килотонн хүчтэй цөмийн цэнэгийг аль ЗХУ -н үед зэвсэглэлд авсан байдаг.

Ер нь цөмийн цэнэгтэй артиллери бол аль эртнээс хойш олон төрөл загвараар хөгжиж ирсэн зүйл.
Америкт цөмийн цэнэгтэй явган цэргийн миномёт хүртэл бий. Бараг л явган цэргийн. Ердөө Willys Jeep дээр суурилуулчихдаг.

Тэгтэл ид цөмийн фанатизмын үед энэ байтугай бүр бага калибрын их буунд, бүүр тэр бүү хэл винтовны ч юмуу пулемётны суманд цөмийн хошуу хийх концепц яригдаж байсан байдаг.
Юутай ч хэрэв энэ концепц нь биелсэн бол пулемётны ганцхан сум танкийг хайлуулах байсан гэж байгаа.

Энэ сумны ажиллагааны зарчим нь Калифорниумыг тэсрэх бодистой үйлчлэлцүүлэх зарчмаар цөмийн гинжин урвалыг эхлүүлдэг байна.
Энгийн цөмийн бөмбөгт ашиглагддаг плутони болон ураны критик масс нь ийм жижиг бараг бичил ч гэж болох хэмжээтэй цөмийн зэвсэг хийх боломжийг хаадаг.
Гэтэл калифорниум хэмээх арай хожуу нээгдсэн цацраг идэвхит элементийн критик масс нь хавьгүй бага. Өөрөөр хэлбэл цөмийн задралын идэвхи хавьгүй илүү.
Хамгийн гол технологийн асуудал нь калифорниумын цацраг идэвхит задралаас байнга үүсэж байх дулааныг хөргөж байх хэрэгтэй болдог аж.

Тэхлээр сумыг хөргүүрээс гаргаад 30 минутын дотор буудахгүй бол, эсвэл ердөөсөө хөргөгч нь ажиллахгүй 30 минут өнгөрвөл өөрсдөө дэлбэрэх аюултай гэнэ дээ.

Байлдааны нөхцөлд ийм айхтар юм арчлаад явчихдаг цэрэг офицер ч гэж гонжийнжоо биз.

Түүнээс гадна калифорниум нь зөвхөн цөмийн урвалаас л гаргаж авах боломжтой байгаль дээр байдаггүй элемент. Калифорниум гаргаж авах гэж цөмийн урвал явуулж байхаар тэр цөмийн материалаараа зүгээр л энгийн зарчимтай том бөмбөг хийчихсэн нь дээр биз дээ.
Тэгээд ч энгийн явган цэрэгт цөмийн зэвсэг бариулахаар тэгтлээ их зэвсэглэх дайтах донтой хүн төрөлхтөн ч гэж юу байхав. Тэгсхийгээд төсөл хаагджээ.