Орчин үеийн АНУ -н пуужингийн довтолгооноос хамгаалах систем “төгс” нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд баллистик пуужинг 56% магадлалтай амдан устгана гэсэн тооцоо тун бодит сонсогдож байна.
Тэгсэн хэрнээ 4 хошуу тээсэн /MIRV байлдааны хошууг хэлж байгаа бололтой/ пуужинг 97% магадлалтай устгана гэдэг нь шууд математик алдаа байна.
Харин ч нэг пуужингийн эсрэг 4 амдан сөнөөгч пуужин харваж байж арайчүү 97% магадлалд хүрнэ. Нэг баллистик пуужинг 4 амдан сөнөөгч пуужингаар арайчүү зогсооно гэсэн үг шүү дээ.

Гэтэл орчин үеийн баллистик пуужингийн MIRV төрлийн байлдааны хошуунууд 4-12 цэнэгт хошуу болж задардаг. Тус бүр нь цөмийн бөмбөг гэсэн үг. Тэгээд энэ цэнэгт хошуунууд нь тус тусдаа чиглэлээ өөрчилж маневрлах чадвартай. Нислэгийн чиглэлээ санамсаргүй байдлаар өөрчлөхөөр программчлагдсан байдаг тул хөдөлгөөнийг нь урдьчилан тооцоолох боломжгүй.
Ингэж санамсаргүй байдлаар маневрлаж пуужингийн довтолгооноос хамгаалах системийг төөрөгдүүлж явсаар яг тусна гэсэн байндаа 50м-500м нарийвчлалтай тусна.
Нөгөө 4-12 задарсан цэнэгт хошууны нэг тус бүр нь тусдаа өөр өөр байн дээр ингэж бууна шүү дээ. Бүгд цөмийн бөмбөгтэй.
Үүн дээрээс нэмээд сүүлийн үеийн MIRV байлдааны хошуу задрахад хуурамч хошуунууд бас салж нисдэг болоод байгаа. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг улам их будилуулахын тулд.
MIRV гэдэг нь Multiple Independent Reentry Vehicle гэсэн үгний товчлол.
ЗХУ, АНУ болон бусад томоохон цөмийн гүрнүүдийн зэвсэглэлд MIRV байлдааны хошуу ороод олон арван жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацааны туршид улам л хөгжсөөр байгаа зэвсэг.
Ийм төрлийн байлдааны хошууны эсрэг нөгөө “төгс” тохиромжтой нөхцөлд л 56% магадлал арайчүү хүрдэг амдан сөнөөгч пуужингууд юу ч болохов дээ.

Цөмийн пуужинг дайсан руугаа заавал хэдэн мянган километрийн цаанаас цөмийн гүрнүүд нутаг дэвсгэр дээрээсээ харвадаг гэж ойлгож болохгүй.
Ядаж л стратегийн бөмбөгдөгч, бүр аргаа ядахад дайрагч сөнөөгч онгоцноос дөхүүлж аваачаад харвачихаж болно. Агаарын дайралтыг харьцангуй холоос илрүүлж хянаж болох ч цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцнуудыг илрүүлж хянах маш хэцүү.
Баллистик пуужинг шууд усан доороос харваж чаддаг болсноос хойш цөмийн хөдөлгүүртэй, цөмийн баллистик пуужинтай шумбагч онгоцнууд маш аюултай, өндөр чадамжтай зэвсэг болоод байна.
Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц нь усны гадаргуу дээр хөвж гарч ирэлгүйгээр усан дор олон сар аялж чадна. Цөмийн хөдөлгүүрийн цэнэг хэдэн жил хүрэлцэх тул цөмийн шумбагч онгоцны аялах хугацаа, туулах зай нь зөвхөн баг бие бүрэлдэхүүний хүнсний нөөцөөр л хязгаарлагдна.
Хэдийгээр том гүрнүүд дайсны шумбагчийг өөрсдийн эрэгт ойртуулалгүй илрүүлэхийн тулд далайн хилээ хамгаалж эргүүл хийх боловч шумбагч онгоцыг илрүүлнэ гэдэг тийм ч найдвартай ажил биш. Дайсан этгээдийнхээ эрэгт заавал тулж очихгүй байсан ч, дэлхийн гадаргын 2/3 -г эзлэх хөлгүй далай тэнгисийн хаанаас ч хамаагүй цөмийн пуужин хэзээ ч харваж магадгүй гэхээр цөмийн шумбагч онгоцны аюул тааварлахын аргагүй аймшигтай юм.
Цөмийн шумбагч онгоцноос харвах стратегийн пуужингуудын тусгал газар дээрээс хөөргөдөг пуужингуудаас арай бага боловч бас л олон мянган километрээр хэмжигднэ. Шумбагч онгоцоороо жаахаан дөхүүлж өгөөд л, дайсныхаа усан хилээс хэдэн мянган километрийн наанаас ил ч гаралгүй пуужингуудаа харавчихаад яваад өгнө. Дахиад хаанаас ч гараад ирж магадгүй.
Энэ пуужингууд нь ч нөгөө л дээр яриад байсан MIRV байлдааны хошуутай шүү дээ. Ганцхан пуужин дайсныхаа нутаг дэвсгэр рүү цөмөрч ороол хэд хэдэн хотыг үнсэн товрого болгочихно.
Ийм MIRV байлдааны хошуутай цөмийн баллистик пуужин одоогийн нэг цөмийн шумбагч онгоцон дээр л гэхэд 16 – 24 ширхэг харвахад бэлэн байралсан байдаг.
Дайсныхаа эргээс аль болох ойроос харвах тусам баллистик пуужинг амдан устгах боломж багасна. Миний бодлоор практик боломж бараг байхгүй.

Үүн дээрээс сүүлийн үед хойд хөршийн пүүжээ ахын сүр дуулиантай зарлаад байгаа HyperSonic глайдер /халин нисэгч аппарат/, цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин гээд шинэ шинэ аюулууд ч нэмэгднэ.
Сүүлийн үед HyperSonic нисэх аппарат зэрэг дэвшилтэт зэвсэглэлийн хөгжүүлэлтийг томоохон гүрнүүд идэвхтэй явуулж, тэр хэрээрээ ч нэлээд амжилтад хүрээд байна.

Энэ хүртэл пуужингийн довтолгооноос хамгаалах системийг зөвхөн “тухайн нэг зэвсэг” даван гарах чадварын тухай л ярилаа.
Гэтэл яг үнэндээ, үнэхээр цөмийн дайн эхэлбэл дайсан руугаа ганц хоёрхон пуужин харавчихаад үүнийг амдан сөнөөгөөрэй гээд хараад сууж байхгүй нь тодорхой.
Нэгэнт л цөмийн дайн хийж байгаа юм бол хамаг байгаа цөмийн хүчээрээ дайсан этгээддээ гэнэтийн цохилт өгч нам дарахыг бодно. Хэнд ч ойлгомжтой асуудал.
Ийм бөөгнөрсөн масс цохилтын үеээр пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бараг мартсан нь дээр. Довтлогч талын цөмийн пуужингаас ядаж 4 дахин олон амдан сөнөөгч пуужин амжиж хөөргөөд, бүгдийг нь зөв хянаж чадвал сая нэг горьдлого байж болох юм. Магадлал нь зууны нэг хувиас ч хамаагүй бага горьдлого шүү дээ.

Орос, АНУ -н аль нэг нь цөмийн цохилтыг тэсэж үлдээд амьд үлдсэн хүмүүс нь дайныг цаашид үргэлжлүүлнэ гэдэг бол хамгийн мангар үг.
Яг үнэндээ нэг ч хүн амьд үлдэхгүй байсан ч цөмийн дайныг цаашид автомат систем үргэлжлүүлж дайснаа бүрэн устгана.
ЗХУ цөмийн дайныг автоматаар үргэлжлүүлэх системийг түрүүлж байгуулсан бөгөөд үүнийг оросоор “Периметр” систем, НАТО -н нэршлээр Dead Hand систем гэдэг.
Удалгүй АНУ ч ийм автомат системтэй болсон. Терминаторын Skynet санаанд орж байнуу? Тиймээ, хүн төрөлхтөн ийм л бууны овоо хараан дор хэдэн арван жил амьдарч байна. Дараа дараачийн цөмийн том гүрнүүд ч ийм систем хөгжүүлж байж мэдэх юм.
Юутай ч энэ үхэхдээ үхэр буугаа тавьдаг үхлийн систем л дэлхийн гуравдугаар дайныг гаргачихалгүй тогтоож байгаа хамгийн гол хүчин зүйл гэж үздэг ч хүмүүс бий. Магадгүй юм шүү.

Нэгдсэн дүгнэлт.
Одоогоор хүн төрөлхтний бүтээсэн ямар ч пуужингийн довтолгооноос хамгаалах систем томоохон цөмийн гүрнүүдийн өргөн хэмжээний цөмийн дайралтын эсрэг юу ч болохгүй.