Будант Альбионы эдгээр хямсгар эрчүүд уламжлал заншлаа дээдлэн хадгалахдаа тун сүрхий юм.
Дэлхийн анхны танкийг бүтээсэн энэ үндэстний хуягт танкийн хөгжил дэлхийн хоёрдугаар дайнаас эхлээд нэг л олигтой явж өгсөнгүй. Магадгүй, европын эх газараас тусгаарласан Ла-Маншийн хоолой нь хуягт танкийн зэвсэглэлийг хөгжүүлэх идэвх санаачлагыг бууруулдаг байх.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Черчиль гэх мэт матар царайлсан танкууд нь тухайн үеийнхээ герман, оросын танкуудаас хол хоцорсон байв.

Дайны дараа хүйтэн дайны аюул босч ирсэнээр англо-саксон үндэстний евро-азийн эх газар дээрх ганц төлөөлөгчийн хувьд аймшигт коммунист мангас ЗХУ -н 60’000 танктай халз тулах маш чанга үүрэг Англичуудад оногдов.

Ингээд Их Британий шинэ үеийн танкнуудын түүх эхэлсэн ба яг үнэнийг хэлэхэд коммунист өрсөлдөгчдөөсөө байнга бага зэрэг хоцорсоор явж ирэв.
Одоогийн Английн үндсэн байлдааны танк болох Челленжерийн талаар онцлон дурдах нь зүйтэй байх.

Тухайн үедээ өндрөөр үнэлэгдсэн дэлхийд анхны композит Чобхам хуяг гэх мэтчилэн дэвшилтэт амжилтууд байгаа боловч Челленжер нь ерөнхийдөө “хуучинсаг” танк байсаар л ирэв. Англи танк биш гээд хэлчих вий гэсэн шиг.

Өнөө үеийн дэлхийн бүх томоохон гүрнүүдийн үндсэн байлдааны танкууд нь гөлгөр голт их буутай байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийг хүртэл бүх танкууд бянтат их буутай байсан.
Бууны бянт гэдэгийг анхлан сохирхогчдод тайлбарлаж хэлбэл механик динамикийн хуулиар аливаа эргэлдэж буй биет нь хөдөлгөөний тэнцвэрээ сайн хадгалдаг. Гирескоптой ижил ажиллагааны зарчим.

Одоогийн АК-47 гэх мэт нэг бүрийн буудлагын зэвсгүүд бянтат гол төмөртэй. Бянт гэдэг нь бууны гол төмөр доторхи мушгиа хэлбэртэй ховилууд бөгөөд сумны хошуу дарьны тэсрэлтээр урагш давших үед мушгиа ховил нь суманд эргэлдэх хөдөлгөөнийг хүчээр олгодог.
Эргэлдэж буй сум илүү тогтвортой чиглэлээр нисэж, байгаа мэргэн ононо.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бүх танкууд ийм бянтат их буутай байв.

Гэтэл яваандаа их бууны бянтыг шүүмжлэх талууд бас гарч ирэв.
Нэгд. Бянт нь сумыг хүчээр эргүүлэх явцад маш их үрэлтийн хүч үүсч, тэр нь сумны хурд хүчийг бууруулдаг байна.
Хоёрт. Бууны гол төмөрт бянт татах нь үйлдвэрлэлийн хамгийн төвөгтэй үе шат болж үйлдвэрлэлийн зардал болон зарцуулагдах хугацааг маш ихээр нэмэгдүүлдэг байна.
Гуравт. Хэрэв бянт байхгүй бол их бууны гол төмөрөөр пуужин харваж болно.

Ингээд бянтыг устгах оролдлогууд хийгдэж эхлэв.
Юутай ч сумыг эргэлдүүлэхгүй бол нислэгийн чиглэлийн тогтвор, өөрөөр хэлбэл оньч алдагдна. Энэ асуудлыг сум бууны амнаас гарангуут дэлгэгддэг арын сэнсний аэродинамикаар шийдлээ.
Энэ технологийг нэг бүрийн буудлагын зэвсэгт ашиглаж болохгүй байгаа шалтгаан нь сумны бүтэц хэтэрхий нарийн төвөгтэй, тэр хэрээрээ өндөр өртөгтэй болно.
Зүгээр нэг АК -ны сумны хошуу ардаа дэлгэгддэг механизмтай сэнстэй, тэр тус бүр нь пүрштэй энээ тэрээ гээд төсөөлөхөөр ядаргаа байгаа биз дээ.

За тэгвэл гөлгөр голт их буу бол бянттай их буунаасаа хол илүү юм байна, тийм үү. Гэтэл бас өөр үр дүнгүүд практик дээр харагддаг.
Дэлхийн халуун цэг Сирийн туршлагаас харахад Т-55 -н 105мм бянтат их буу түүнээс хорин жилийн дараа бүтээгдсэн Т-72 -н 125мм гөлгөр голт их буунаас хамаагүй цэцэн байдаг нь ажиглагдсан байна!
Т-55 -г Сирид снайпер танк гэж нэрлэдэг. Маш сонирхолтой практик байгаа биз.
Түүнчлэн одоо хүртэл бянтат гол төмөрөөсөө салаагүй байгаа “хоцрогдсон” Челленжер 3-4км зайны оночоор дэлхийн рекорд тогтоосон байдаг.
Бянтат их бууны сумны хурд, түүнийгээ дагаад хуяг нэвтлэх чадвар нь гөлгөр голт их бууны сумнаас муу.
Гэвч илүү мэргэн байдаг байна.

Будант Альбионы эрчүүд хэтэрхий хуучинсаг. Гэвч зарим уламжлал өөрийн гэсэн шалгарсан давуу талтай байдаг ажээ.