Тухайн үеийн ЗХУ, одоогийн ОХУ -н зэвсэгт хүчний номлол нь хуурай замын цэрэг /Ground Force/ дээр төвлөрдөг.
Хуурай замын зэвсэгт хүчний орчин үеийн стратеги тактик нь хуягт танкийн нэгжүүд дээр суурилдаг юм.
Тиймээс ОХУ шиг асар том газар нутагтай, тэрийгээ л хамгаалаад амьдраад байхад болно гэсэн философитой улсад хамгийн гол зэвсэг бол танк юм.
Дэлхийн 2 -р дайнаас хойш байлдааны хуягт техникийн хөгжлөөр тэргүүлж буй улс бол орос гэж би хувьдаа үздэг.
Учир нь оросын техникүүд ойролцоогоор өөрөөсөө 50% илүү хүнд нүсэр том, ядаж 2 дахин үнэтэй дайсныхаа хувилбараас огт дутдаггүй.
Ухаандаа 68кг жинтэй би 102кг жинтэй Асошьёоруутай ана мана үзээд байвал гайхамшиг биз дээ.
Хуягт танкийн техникийг бүх боломжоор нь хөнгөн, жижигхэн болгож, гэхдээ галын хүчийг аль болох их байлгах гэсэн ЗХУ -н үеээс уламжлан явагдаж байгаа энэ бодлого бол энэ бүх гайхамшигийн эх үндэс юм.
Наад захын жишээ авахад БМП-3 бол хорин тонн орчимхон жинтэй жижигхээн техник боловч галын хүч нь Т-55/54 зэргээс илүү юм.
Хамгийн бага жин, хамгийн бага овор хэмжээнд хамгийн их галын хүч болон хуяг хамгаалалтыг төвлөрүүлэх гэсэн энэ философийн дагуу ЗХУ, ОХУ -н үе үеийн зэвсэг техник хөгжиж ирсэн.
Энэ нь ч байнга онодог.
Энэ үзэл санааны дагуу анх Т-64 -г автомат сумлагчтай болгож эрс зоримог инженерийн шийдэл хийсэн ба дараагийн Т-72 нь практик хэрэглээнд хамгийн сайн танк болсон юм.
Хөнгөн жинтэй, овор хэмжээ бага, үнэ өртөг хямд, гэсэн хэрнээ өөрөөсөө 50% орчим илүү жинтэй дайснуудтайгаа галын хүч ижил, бараг илүү.
Бие жижиг байхад дараахь маш чухал давуу талууд байна.
– Жижиг байг оноход хэцүү. Дээрээс нь орос танкуудыг аль болох газарт нь навтайлгаж бүтээдэг тул оноход маш “ядаргаатай”.
– Хурдан хөдөлгөөн. Хөнгөн жижиг танк ижил хөдөлгүүрийн хүчээр хамаагүй хурдан хөдөлж, тактикийн маневр хийхэд илүү чөлөөтэй.
– Эдийн засаг. 40 тонн танк бол 60 тонн танкаас хамаагүй хямдхан.
– Эцэст нь логистик. 75 жилийн өмнө чухамхүү энэ логистикийн асуудлаас болж 60 тонн Барс, 30 тонн Т-34 -д далаараа тавиулсан юм шүү дээ.
Цаг хугацааны явцад T-72 тэргүүлэгч танк байж чадахгүй болов. Угаасаа ч хуяг хамгаалалтын хувьд НАТО -н танкуудтай эн зэрэгцэж чаддаггүй байв.
Энгийн механикжуулсан нэгжид бус зөвхөн танкийн арми, дивизүүдэд зориулагдсан илүү нарийн арчилгаа шарддаг өндөр хүчин чадал бүхий T-64 -н залгамжлагч T-80 зэвсэглэлд ороодохлоо.
Одоо орос гүрэнд дараагийн үеийн үндсэн байлдааны танк хэрэгтэй боллоо.
T-80 бол танкийн дивиз, армиудад зориулсан тусгай шилмэл үүлдрийн техник. Үндсэн байлдааны танк гэхэд хэцүү.
Ядаж л газотурбин хөдөлгүүр нь байнга яршиг төвөг удна.
Ингээд зөвлөлт гүрэн дараагийн үеийн үндсэн байлдааны танкаа бүтээж эхэллээ.
Юутай ч практик дээр шалгагдсан Т-72 -н шассийг ашиглалаа, харин хөдөлгүүрийн хүчийг огцом нэмэгдүүлэв.
Зэвсэглэлийг өсгөх гэж яарах хэрэг байсангүй, их буугаа биш сумаа сайжруулахад л хангалттай байлаа.
Хуяг хамгаалалтын хувьд T-72 аль хэдийнэ НАТО -н танкуудаас хол хоцроод байлаа. Арга ч гүй дээ цаадуул нь 20 орчим тонноор хүнд мангасууд юм чинь.
Тухайн үеийн дэлхийн шинжлэх ухааныг бараг чирж явж байсан ЗХУ -н аврагууд зөвлөлдөж дээ. Тэгээд танкны хуяг бол одоо хоцрогдсөөн. Сөнөөх сумыг амдан устгах, удирдлагагүй болгох, за бүүр болохгүй бол өөдөөс нь эсрэг сум харвах гэх мэтээр танкийн аюулгүй байдлыг өсгөнө гэж шийджээ.
За ингээд Т-90 танкийн гайхамшигууд:
– Динамик хамгаалалт. РПГ-7 гэх мэтийн цоргих үйлчилгээтэй сумыг дөнгөж үйлчлэх гэж байхад нь өөдөөс нь зөрж тэсрээд аваад шидчихдэг.
– Лазерын бусниулагч. Одоогийн ихэнхи пуужингууд лазерын чиглүүлгээр байгаа онодог. Харин T-90 -н нүүрэн дээрх хоёр дүрлэгэр нүд бол хөөрхөн харагдахдаа биш, лазерын чиглүүлэгтэй зэвсгийг самууруулах үүрэгтэй.
– Сумыг сумаар буудан устгах. ЗХУ, ОХУ -н хөгжүүлж ирсэн Кактус, Реликт гэх мэт системүүд дайсан этгээдээс нисэн ирж буй өндөр хурдтай аливаа обьектийг илрүүлж өөдөөс нь эсрэг цэнэг тэслэж, тодорхой зайд аюулгүй болгодог. Маш өндөр технологи.
Одоогоор энэ чиглэлд оросыг гүйцсэн улс байхгүй.
Гэтэл энэ бүх өндөр технологийн эсрэг НАТО -н танкууд “Манай хуяг зузаан төмөртэй” гээд сууж байгаа нь инээдтэй.
Эцэст нь хэлэхэд агуу их T-90 танкийн ерөнхий зохион бүтээгч энэ явцад нас барсан ба түүний гэгээн дурсг,алыг хүндэлж T-90 танкийг Владимир гэж нэрлэжээ.
Владимирийн гэгээн дурсгалд мэхийн ёслоё!