1+

Нэг. Хамгийн гол зүйл конструкцийн тухайд.

1. Арматурын ажиллагаа
Бидний багш нар хэдэн жилийн турш байнга үглэж нуршсаар байсан “арматур суналтад, бетон шахалтад ажилладаг” гэсэн зарчим.
Ньютоны хуулийн дагуу бид харилцан эсрэг хүчнүүдийн үйлчлэл дор ямагт байна.
Тэгвэл төмөр бетон хийцийн сунах үйлчлэлийг арматур хорьж, шахагдах үйлчлэлийг бетон хорьдог.
Тэгэхээр арматур суналтад ажилладаг, ерөнхийдөө бүх барилга байгууламжийг хүлж багласан утас шөрмөс маягтай.
Тиймээс арматур суналтыг эсэргүүцэж ажилладаг.
Гэтэл төслийн талбай дээр тэнхлэгээсээ гажиж гарч ирсэн арматурыг матаад лантуудаад тэнхлэгт нь оруул гэж хэлэх автортой таарч байсан !
Хэзээ ч тэгэж болохгүй юм, арматур хэрвээ зөвхөн суналтыг хариуцдаг юм бол, матаад нугалаад хаячихсан арматур суналтын хүчийг яаж эсэргүүцэх юм бэ?
Тиймээс нэгдүгээр дүрэм – хэзээ ч арматур матаж нугалахыг зөвшөөрч болохгүй.

2. Бетоны ажиллагаа
Бетон бол шахалтад ажилладаг.
Тиймээс бетон хийцийн огтлол нягт дүүрэн байх ёстой. Яг практик дээр аймаар юм болдог, арван хэдэн давхар байшингийн хамгийн гол ачаа авах зангилаан дээр бетон нь сийрэгжчихсэн, аягүй бол бүр тасарчихсан.
Энэ бол хэзээ ч хажуугаар нь нүдээ аниад өнгөрч болохгүй аймшигтай алдаа.
Ийм явдал цөөнгүй тохиолддог. Ихэвчлэн зангилаанууд дээрх арматурыг хэтэрхий шигүү хувиарлаж зураг төсөл зохиосноос, эсвэл бетон цутгалт удааширч урсамтгай чанар нь муудсанаас болдог.
Бас залхуу инженер, хүнд гарын бригад хоёр вибратороо маллаж чадаагүйгээс ч хааяа болдог.
Ийм явдал нэгэнт үүссэн тохиолдолд хийцийн шахалтын бат бэхийг заавал нэмэгдүүлж өгөх ёстой. Дээхэн үед цамцалж цутгана гэж арга хэрэглэдэг байлаа. Бетоны огтлолыг өсгөж байгаам л даа, энгийнээр бол.
Хамгийн гол нь ийм арга хэмжээ авахад инженерийн нэр хүнд навс унадаг. Гэхдээ тэр хамаагүй, мэргэжлийн ёс зүйдээ үнэнч бай !

3. Арматурын гаргалгаа буюу зөрүүлгийн урт
Өмнө хэлснээр арматур утас шиг сунаж таталдаж ажилладаг.
Гэтэл бүх барилгын урт өндрийн туушид нь ганцхан урт арматур хэрэглэх боломжгүй. Яаж ч тийм урт арматур үйлдвэрээс нь тээвэрлэх юм, яаж ч төслийн байран дээр угсрах юм.
Тиймээс арматуруудыг богино богиноор нь залгаж барилгад хийнэ.
Гэтэл нөгөө суналтын эсэргүүцэл яах вэ? Үүнийг хангуулахын тулд залгасан арматуруудын хооронд зөрүүлгийн уртын тооцоо гэж бий.
Хэрэв тэр тооцоот уртаар нь зөрүүлж боохгүй бол арматур зохих хүчээрээ ажиллахгүй.
Зөрүүлгийг нь хангаж боогоогүй арматур бол байхгүйтэй яг ижил.
Арматураа мөргүүлээд боочихсон мангарууд за нээх сүртэй барилга бишээ, яав л гэж гээд жижкэн барилга бариад байж байдаг. Хайран мөнгө, арматур боосон хүмүүсийн хөдөлмөр. Ямар ч ялгаагүй шд, байсан байгаагүй нь.
Тиймээс инженер та арматурын гаргалгаа, зөрүүлэг богинодуулсан бол арматургүй барилга барьчлаа л гэж ойлго.
Би нэг удаа ингэж тэнэгтсэн. Хааяа тэр барилгыг зүүдэлж сэрдэг.

Хоёрт. Төслийн талбай дээр ажил удирдах тухайд

1. Гүйцэтгэгчийнхээ чадварыг бодитоор үнэл
Хичнээн мундаг менежмент, гэрээ хэлэлцээр амлалт байгаад ч нэг хүний нэг өдөрт өрөх тоосго, өргөх цементийн хэмжээ тодорхой тоон утгатай, физик хязгаартай.
Тйимээс хоёр өрлөгчинтэй, тэр хоёрын нэг нь туслахаа хийдэг, тэгээд гүйцэтгэх ерөнхий хоёр захиралтайгаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй компанид хоёр орцтой арван зургаан давхар барилгын бүх өрлөг шавар дотоод заслын ажлыг өгч болохгүй !
Хичнээн гоё хямдхан, бараг үнэгүй үнийн санал өгсөн ч гэсэн.
Инженер хүн бодно, тооцно. За манай энэ барилгад метр квадраат нь арван мянгаас ихгүй үнэлгээтэй, таваас доошгүй шаварчинтай, дээрээс нь туслахуудтайгаа заслын гүйцэтгэгч ороод ирвэл болоод явчина даа гэж.
Гэтэл мундаг супер менежмент маркетингийн ажилтнууд маргааш нь ороод ирэхэд чинь гайхуулах маягтай хэлнэ, метр квадраат нь таван мянгаар, төлбөрийнхөө 99 хувийг бартераар таван жилийн дараа авахаар тохироотой, зуугаад супер засалчинтай кампаани олоод гэрээ хийчлээ гээд.
Тэгээд тэр компани гэрээ байгуулаад орно, ажил нам зогсоно. Тэр компанийг нь хөөгөөд гаргахаар тэрнээс ч супер гэрээтэй гүйцэтгэгч ирээд гэрээ байгуулчаад бөглөөд хэвтчинэ.
Тиймээс удирдлагадаа зоригтой хэл, ийм гачин балай гүйцэтгэгчтэй ажлын үр дүнг надтай битгий яриарай гэж.

2. Төслийн явцад гарсан алдааны ноцтой байдлыг үнэлэх
Мэдээж өчүүхэн ч алдаагүй төгс барилга барьчих юмсан гэж ямар ч инженер хүснэ. Гэтэл төгс байдал гэж бодит амьдрал дээр боломжгүй. Байнга алдаа үүснэ.
Тэр үед инженер хүн алдааг яаж засч залруулахыг шийдэх үүрэгтэй болдог. Өөр яахав дээ.
Тийм үед инженер хүн энэ гарсан алдаанаас болж цаашид үүсч болзошгүй асуудлуудыг тооцоолох, ядаж л таамаглах ёстой болдог. Тэгээд хамгийн эрсдэлгүй замыг бодож олох үүрэгтэй.
Миний хувьд байнга бодож олж байсан. Өмнөх үеийн агуу томчуудын ачаар. Багш нартайгаа ярьж бай, инженерүүдээ.

3. Барилгын төслийн эдийн засагт хутгалдах
Ерөнхийдөө бол албан ёсоор барилгын төслийн эдийн засаг бол барилгын инженерийн хутгалдах асуудал биш. Барилгын инженер техник технологио л хариуцах ёстой.
Гэвч арав дахин бага үнэлгээтэй орж ирсэн бригад ажил хийхгүй, арав дахин хямд үнэтэй материал салхинд хийсээд уначихна гэдгийг инженер хүн зөнгөөрөө мэднэ.
Тиймээс эдийн засаг санхүүд оролцож, ийм юм байдгүймаа гэж хэлж байх хэрэгтэй.

Гуравт. Жижиг сажиг юмсын тухайд

1. Барилгын давхар хооронд тэнхлэг зөөхөд үүсдэг алдаа
Давхар бүртээ теодолитоор чадах хэрээрээ л нямбай тэнхлэг тавьсаар байтал тэнхлэг шилжээд алдаа үүсээд явчих тохиолдол их. Тэр тусмаа төвөгтэй хэлбэртэй барилгуудад бол бүр элбэг тохиолдно.
Зарим инженерүүд энэ асуудлын шалтгаанд багаж дуран, хэрэглэсэн метрээ хардаж байгаа харагддаг.
Тэгвэл миний зүгээс өөр нэг шалтгаан байж болохыг анзаарсан юм.
Инженерүүд теодолитоор доод давхрын тэнхлэгийг зөөж гаргаж ирэхдээ хучилт дээрээ жижиг нүх үлдээгээд тэр нүхээр шууд доод давхрын тэнхлэгийг нэвт дурандаж цэгээ олдог.
Гэтэл тэр доош дуранддаг дуран бол компенсаторгүй. Энэ тохиолдолд доод цэгээ яг чанх доош нь дурандаж чадаж буй эсэх дээр зөвхөн теодолитын тэгш усанд л найдаж байгаа юм.
Хэр зэрэг холоос дурандаж байгаагаас хамаараад ердөө хэдхэн секундын хазайлт овоо хэдэн мм алдаа болоод гараад ирнэ.
Сонирхвол дараа туршиж үзээрэй, доод цэгээ онох гэж үзэж тарж байгаад нэг юм тэгш усаа тааруулчихсаны дараа тэр цэгээсээ 5мм ч юмуу доод дурангаа шилжүүлээд хажууд нь өөр цэг шагай.
Тэгээд теодолитын тэгш усаа хар. Тэгш ус мэдрээ ч гүй байгаа. Бид иймэрхүү хэмжээний шилжилт хийж байгаагаа мэдэхгүй болж таарч байна.
Харин энэ асуудлыг шийдэхийн тулд доод давхрын тэнхлэгийг дээш зөөхдөө лазер ч юмуу, өөр нэг дуран ч юмуу арай нарийвчлал өндөртэй багаж хэрэглэх хэрэгтэй.
Тээр жил манай хэдэн инженерүүд яаж ч үзсэн тэнхлэгээ тааруулж чаддаггүй. Гайхаж байгаад нөгөө хучилтын жижиг нүхэн дээрээ циллод тавьж хадаж байгаад доод давхраас дээш нь лазер тусгаж байж нэг юм тэнхлэгээ олж авсан юмдаг.
Мэдээж тийм найдвартай лазер биш хямдхан эд байсан боловч ямар ч гэсэн тэр компенсаторгүй теодолитын доод дурангаас л дээр байсан юм.

2. Барилгын өдөр тутмын ажилтай холбоотой янз бүрийн тэмдэглэлүүдийг аль болох зурагтай уяж өгөх
Жишээлбэл заслын ажлын үе шатанд хянаж байгаа инженер тухайн өдрийн тэмдэглэлүүдээ найман давхрын А айлын том өрөөний дам нурууны дугуйрсныг засуулах гэх мэтээр биччихсэн яваа харагддаг.
Нэгд тийм их текстэн мэдээлэл бичих гэж өөрт хэцүү, дараа нь тэр тэмдэглэлээ эргэж шалгахад төвөгтэй, тэгээд бусад инженерүүд ч юмуу гүйцэтгэгчиддээ тэр мэдээллээ ойлгуулж дамжуулах гэж бөөн юм болно.

3. Болж өгвөл үйлдвэрээс ирсэн арматурыг таслаж бэлдэц хийх эвлүүлэг комбинацыг өөрөө гүйцэтгэгчиддээ гаргаж өгөх.
Ижилхэн зурагтай хоёр барилгын нэгэнд нь 100 тонн арматур ороод нөгөөд нь 105 тонн орох явдал зөндөө. Тухайн гүйцэтгэгчийн арматурын бригадын ур чадвараас хамаараад 5 тонн арматур хаягдаж байгаа юм.
Ядаж л өөрт чинь арматурын позицуудаа хурдан цээжлэж нүдэлж авахад хэрэгтэй.

4. Дулаан хувцаслах
Монгол шиг сэрүүн газар мань мэтийн бээрэг нөхдүүд бол барилга дээрээс дулаан контейнер рүүгаа гүйж орохын түүс болоод тэр хэрээрээ хяналт эрс муудна.

5. Ажилчдынхаа санал зөвөлгөөг нэрэлхэлгүй сонсох
Гардаж ажил хийж байгаа, дунд нь байгаа юм болохоор ажилчид инженерийн бодоогүйг бодож олоод, олж хараагүйг олоод харчихсан байх нь элбэг. Инженер бол ажилчдаас заавал ухаантай байдаг гэж зүтгэвэл онигоонд орж ч мэднэ.

1+