Өдгөө хүртэл хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цацраг идэвхит хордлогын гамшиг үүсгэсэн тохиолдол нь 1986 оны Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол юм.
Өмнө нь Хирошима, Нагасакид АНУ цөмийн халдлага хийж хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүнийг хэлмэгдүүлсэн боловч тэр нь цацраг идэвхит хордлогын хувьд тийм ч том гамшиг байгаагүй .
Цөмийн бөмбөг нь тодорхой хэмжээний энергийг агуулах ба түүний тодорхой хэсэг нь гамма цацраг, тодорхой хэсэг нь дулааны цацраг, тодорхой хэсэг нь механик энерги, тодорхой хэсэг нь цацраг идэвхи гэх мэтчилэн хуваарилагддаг.
Тиймээс Хирошима, Нагасакид дэлбэлсэн бөмбөгүүдийн энергийн ихэнх хэсэг механик болон дулааны энерги болж, багахан хэсэг нь цацраг идэвхит хордлого болсон юм.
Гэтэл Чернобыльд бараг бүх энерги цацраг идэвхит хордлого болон цацагдсан ба тэр их энерги цаашид 10 – 20 мянган жилийн турш дэлхий ертөнцийг шарсаар байх юм.


Чернобылийн ослын шалтгааныг олон хувилбараар тайлбарладаг боловч, саяхан HBO сувгаар цацагдсан олон ангит кинонд тайлбарласан хувилбар харьцангуй бодит санагдлаа.

Ер нь одоогоор хүн төрөлхтний бүтээсэн, санаачилсан цөмийн реакторуудыг 4 үед ангилдаг.
1 -р үеийн реактор нь дэлхийн анхны цөмийн реакторууд бөгөөд туршилтын гэсэн ангилалд багтаж явдаг. Дэлхийн анхны цөмийн цахилгаан станцын реакторыг ЗХУ -д бүтээсэн байдаг.
2 -р үеийн реакторууд нь дэлхийн анхны үйлдвэрлэлийн реакторууд ба нийтлэлийн сэдэв болсон Чернобылийн цахилгаан станцын РБМК-1000 реактор нь энэ үеийнх юм.
2 -р үеийн реакторуудын сул тал нь ганцхан ширхэг Главный Циркуляционный Насос /Төв эргэлтийн насос/ -той бөгөөд тэр нь реактороосоо тэжээгддэг.
Реакторыг унтраах ба удаашруулахын тулд реакторт хөдлөх хэсэг ажиллах ёстой /жишээлбэл хар тугалган саваа/ байдаг.
Саяхан асуудал дэгдээгээд байсан Фукушима бас хоёрдугаар үед, гэхдээ арай сайжруулсан 2.5 үед хамаарна.
3 -р үеийн реакторууд нь төв эргэлтийн насос ажиллагаагүй болох магадлалд ихээхэн санаа тавьсан ба хэд хэдэн Главный Циркуляционный Насостой байдаг.
Сүүлийн үеийн реакторууд бүгд энэ үед хамаарна.
4 -р үеийн реакторууд одоогоор ашиглалтад ороогүй боловч өмнөх үетэйгээ харьцуулахад зарчмын томоохон давуу талуудтай юм.
Жишээлбэл 4 -р үеийн реакторууд пассив аюулгүйн системтэй. Реактор доторх бүх зүйл ажиллахаа больсон ч реактор дэлбэрэхгүй гэсэн үг.
Үүний тулд реакторын зарим хүчийг багасгасан ба реакторын төвд үүссэн энергийн хэмжээ гинжин урвалыг дэмжихэд хүрэлцэхгүй.
Иймэрхүү маягаар реактор яагаад ч өөрөө дэлбэрэхгүй дизайн үүсгэсэн байдаг.

За одоо Чернобылийн тухайд,
Дээр хэлсэнчлэн Чернобылийн РБМК-1000 реактор бол 2 -р үед хамаарагдна.
РБМК гэдэг нь Реактор Большой Мощности Канальный гэсэн үг. Монголчилбол Их чадлын сувагт реактор. Харин 1000 гэдэг нь цахилгаан чадал мегаваттаар.
Сувагт гэдэг учир нь реакторын идэвхтэй бүс нь олон сувагт худаагдсан байдаг. Нейтронууд бүх сувгийг нэвт гаран нисэж ерөнхий нэг идэвхтэй задралын бүс үүсгэдэг.
РБМК реакторын давуу тал нь үйлдвэрлэхэд харьцангуй хялбар ба хүчин чадал өндөр.
Сул тал нь Чернобыльд гэнэт илэрсэн.

РБМК-1000 реакторын идэвхжил хэт өссөн тохиолдолд /энгийн үгээр хэлбэл реактор хэт идэвхжинэ гэдэг нь реактор хэтэрхий хална гэсэн үг/ хар тугалган саваанууд реакторын идэвхтэй бүс рүү бууж ирж, задралын нейтронуудыг шингээж авдаг байна.
Ерөнхийдөө 2 -р үеийн бүх реакторуудын хяналт нь хүнд элементийн саваануудыг реакторын идэвхтэй бүс рүү буулгаж, задралын нейтронуудыг шингээж авах зарчим дээр суурилдаг.

Гэтэл РБМК-1000 реакторын хяналтын саваа нь реакторын идэвхтэй зоноос метр гарантай урт байна. Тэр метр гаран илүү уртыг хар тугалгаар биш, бал чулуугаар хийсэн байна.
Бал чулуу нь реакторт модератор буюу цөмийн урвалыг идэвхжүүлэх үүргээр ашиглагддаг. Уг нь асуудал бишдвэл хар тугалган саваануудыг буулгах ёстой. Гэтэл тэр саваануудын үзүүр нь бал чулуу.
Эхлээд Чернобылийн 4 -р реакторын инженерүүд реактороо сүйрлийн ирмэг дээр аваачсан байна, Шалтгаан нь мэдлэггүй байдал байх.
Гэвч дэлхий дээрх ямар ч цөмийн реакторын оператор асуудал болохоо байхад хяналтын савааг буулгах кнопыг дарахаа мэддэг.
Чернобылийн РБМК-1000 реакторын инженерүүд реакторыг унтрааснаар төв эргэлтийн насос реакторыг хөргөхөө больсон байна. Ингэснээр реакторын температур өсч, цөмийн урвалын идэвхи нэмэгдэж. Үүнийг ажигласан инженерүүд хяналтын саваануудыг буулгах кнопыг дарахад саваануудын үзүүрт урвалын идэвхийг харин ч нэмэгдүүлэх нөлөөтэй бал чулуу байлаа.

Орос техник муу биш. РБМК-1000 реактор гэдэг нь 1000 мегаватт цахилгаан чадалтай гэсэн үг. Үүнийг реактор, генераторын АҮК -г оролцуулан бодолцож үзвэл реакторын дулааны чадал 3000 мегаватт орчим гэсэн үг.
Гэтэл реактор дэлбэрэхийн өмнөх чадал 34’000 мегаватт орчим байсан гэдэг.

Цөмийн технологи мэдээж аюултай, гэвч бүх технологи эхэндээ аюул сүйтгэлтэй байдаг ба хүн төрөлхтөн аюулаас сэрэмжлэх аргыг бодож боловсруулсаар, тэр хэрээрээ хүчирхэг болж урагш ахидаг билээ. Анх галыг нээсэн хүмүүст ч аюул гамшиг тулгарсан л байх.
4 -р үеийн реакторууд аюулгүй болж байгаа.