0

Доорх бичлэгэд харуулсан хөөрч буй пуужингийн хурд, акселераци /хурдатгал/ дэлхий дахинд шуугиан тарьсан нь тухайн чиглэлд мэдлэггүй хүний нүдэнд ч илт ажиглагдахаар байсан билээ.

Манай группын архагууд ийм хурдтай хөөрдөг пуужин байх боломжгүй, бичлэгийг хурдлуулсан байна гэх мэтчилэн практик дүгнэлт шүүмжлэл ихээр хэлж байгаа нь зөв хандлага юм. Ер нь дэлхийн ихэнх үзэгчид энэ бичлэгт үл итгэх маягтай байгаа.
Бичлэг дээрээс харахад пуужин ганц секундын дотор 1км орчим өндөрт хөөрдөг. Үүний тулд пуужин энэ хугацаанд 2км/с орчим хурд авах ёстой. Хурдатгал нь ядаж 200g /2000м/с2/ хүрнэ гэсэн үг.
Хүн суудаг пуужин дээд тал нь 10g /100м/с2/ хурдатгал авах хязгаартай. Ер нь одоогийн сансрын хөлгийн хүчин чадал ч тэр орчим л байгаа. Сансрын хөлөг гэдэг маань баллистик пуужин.

Харин энэ бичлэгт харуулж буй пуужин бол баллистик пуужин биш. Баллистик пуужин нь тив алгасан нисэхийн тулд хангалттай их түлш тээж агаар мандлаас гарах ёстой. Бас дээрээс нь байлдааны хошуугаа ч тээж явна.
Тиймээс баллистик пуужин бүх нөөцөө хурд авахад зарцуулж болохгүй.

Тэгвэл противо ракет /эсрэг пуужин/ буюу пуужингийн довтолгооныг эсэргүүцэх пуужин нь асар өндөр хурдтай байх зайлшгүй шаардлагатай. Харин тив алгасан нисэх шаардлагагүй.

Пуужингийн довтолгооныг эсэргүүцэх систем нь одоогоор гурван янзын чиглэлээр хөгжиж байна.
1. Эрт илрүүлэлтийн /Early Warning System/ систем. Стратегийн пуужин хөөрөх үед нь илрүүлээд хойноос нь хөөж очиж устгана. Гол сул тал нь пуужин харваж болзошгүй бүх дайсныхаа газар нутаг дээр энэ системээ тарааж байршуулах шаардлагатай. Бүтэхгүй сонсогдож байгаа биз.
2. Дундын илрүүлэлтийн /Mid Warning System/ систем. Баллистик пуужин агаар мандлааас гараад сансарт явж байх үед нь устгах зорилготой. Устгахад харьцангуй урт хугацаа олгогдох давуу талтай боловч сансарт инерциэрээ нисэж яваа байлдааны хошуу хөдөлгүүрээс ялгарах дулаан байхгүй, тойрог зам дахь ямар ч биетээс хурд, жингээр ялгарахгүй. Ер нь бол олж устгахад маш хэцүү. Одоогийн THAAD, С-500 гэх мэт хэт өндрийн агаар эсэргүүцэх системүүд ийм үүрэг гүйцэтгэх чадвартай. Бас дээр нь дунд илрүүлэлтийн системүүд хиймэл дагуул устгах зорилгыг давхар биелүүлэх боломжтой.
3. Эцсийн мөчийн /Terminal Phase System/ систем. Баллистик пуужин агаар мандал руу олон км/с хурдаар орж ирнэ. Түүнийг угтан нисэж газрын гадаргаас ядаж 20км өндөрт устгахын тулд амдан сөнөөгч пуужин ядаж тийм хурдтай байх байх ёстой. Гэхдээ тэр хурдыг авахад маш бага хугацаа зарцуулагдах ёстой.
Иймээс Terminal Phase противо ракет бол асар өндөр хурдыг хоромхон зуур авдаг байх ёстой. Баллистик пуужин шиг тив алгасаж нисэхгүй болохоор түлшээ гамнах шаардлагагүй. Гол нь маш хурдан хурдаа авах.
Эцсийн мөчийн системийн сул тал нь эцсийн хамгаалалт байдагт оршино.
Хэдэн км/с хурдтай пуужинг хэдэн км/с хурдтай пуужингаар онож сөнөөх нь бууны сумыг бууны сумаар буудаж унагахаас ч хэцүү. Харин онож чадахгүй бол ямар ч нөөц төлөвлөгөө байхгүй. Тиймээс эцсийн мөчийн систем гэж нэрэлдэг юм.

Пуужингийн хамгаалалтын систем нь томоохон гүрнүүдийн хамгийн том технологийн амжилт бөгөөд одоогоор дэлхийд 4 – 5 хан улс ийм технологитой гэж үздэг. Тэхээр цөмийн пуужингаас хамгаалах систем нь цөмийн пуужингаас ч нууц технологи байх нь.
Нээрээ мартсанаас противо ракетууд цөмийн байлдааны хошуутай байдаг шүү.
Одоогийн тэргүүлэх гүрнүүдийн цөмийн пуужингийн талаар техникийн нарийвчилсан мэдээллийг интернетээс олж болж байхад противо ракетын талаар олигтой техникийн мэдээлэл олдохгүй.
ЗХУ анх А-35 гэдэг нэртэй пуужингийн довтолгооноос хамгаалах систем ашиглалтад оруулсан гэхээс өөр юм олдохгүй байна. Тэр А-35 нь ямар ямар пуужинтай, радартай байсан юм бүү мэд.

За, одоо тухайн пуужин маань техникийн хувьд байх боломжтой эсэхийг дүгнэж үзье.
Циолковский өвөөгийн томьёолсноор пуужин нь түлшээ зарцуулах тусам улам хөнгөрч, ингэснээр хурдаа бүр ч ихээр авдаг. Түүнчлэн пуужингийн авч буй хурдатгал нь пуужингийн түлшийг хөдөлгүүрийн цорго руу улам хүчтэй шахаж өгөх ба энэ нь эргээд хөдөлгүүрийн хүчийг улам өсгөнө.
Тиймээс богино зай туулах зориулалттай пуужин түлшээ хөдөлгүүрийн дийлэх хэмжээнд хамгийн ихээр шатааж, энэ нь бүр ч их хурдатгалыг үүсгэж, пуужингийн хөдөлгүүр рүү бүр их түлш шахаж, пуужин улам хурдална. Хэр зэрэг хурдлах нь материалын чанараар л хязгаарлагдана.

0