Орчин үеийн шинжлэх ухаанд хувьсал хийсэн алдарт эрдэмтэн Альберт Эйнштэйний тухай товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Эйнштэйнийг хэзээ төрсөн, хэн байсан, “ямар нэгэн” нээлт хийснийг бүгдээрээ мэддэг. Харин энэхүү эрдэмтний нээлтүүд нь дундад зуунаараа байсан шинжлэх ухааны хөгжлийг орчин үеийн болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэрээр 18 настайдаа Цюрихийн политеxникийн дээд сургуульд элсэн орж өөрийн дуртай тоо, физикийн чиглэлээр хичээллэх болов. Харин сургуулиа төгсөх үед түүнд ажил олоход хэцүү байсан тул нэгэн танилынхаа тусламжтайгаар Швейцарийн патентийн байгууллагад шинжээчээр ажилд оржээ.
Эйнштэйн ажиллахын зэрэгцээ гэрээр судалгаа хийж, 3 жилийн дараа “этгээд” онолуудаа танилцуулсан байна. Төрийн байгууллагын жирийн нэгэн ажилтны дэвшүүлсэн онол их сургуулийн эрдэмтэн судлаачдаас авахуулаад бүхэл бүтэн шинжлэх ухааны салбарынхныг гайхашралд оруулж “үймээн” дэгдээв. Шинжлэх ухааны түүхэнд нэр алдраа дуурсгасан эрдэмтэд ихэвчлэн лабораторийн нөхцөлд туршилт, сорилт явуулсны дүнд нээлтүүдээ хийсэн байдаг. Харин Эйнштейн нь практик ажиллагаагаар бус “санаандаа хийх туршилт”-д үндэслэн нээлтүүд хийсэн юм. Энэ нь тус эрдэмтний сэтгэн бодох чадвар ямархуу түвшинд байсныг илтгэдэг.
Тухайлбал: 1905 онд түүний бичсэн бүтээлийн талаар Английн физикч, нэртэй реалист зохиолч Чарльз Сноу “Бусдын үзэл бодлыг сонсолгүйгээр цэвэр сэтгэхүйн хүчээр дүгнэлтэд хүрсэн мэт гайхалтай фантаазтай бүтээл байна” гэж тэмдэглэсэн байдаг. Суут эрдэмтний энэ бүтээлд ганц ч эшлэл, жишээ байхгүй. Тэр байтугай ямар ч математикийн тооцоолол байхгүй. Нөгөө алдарт Е=mc2 гэдэг томьёогоо ч дурдаагүй бөгөөд хэдэн сарын дараа гаргасан товчхон нэмэлтдээ нөхөн оруулсан байдаг.
Сонирхолтой нь тус нээлтүүдийг үнэндээ ганцхан жилийн дотор хийсэн байдаг бөгөөд үүнээс хойш тус нээлтүүдээ гүнзгийрүүлэн судлах батлах ажлууд хийгдсэн байдаг. Энэ нь 1905 онд эрдэм шинжилгээний 4 нийтлэлд тус онолууд бүгд багтаж байснаар нотлогддог юм. 1918 онд дэлхийн I-р дайн дууссанаар хүн төрөлхтөн амсхийж шинжлэх ухаан руу анхаарч харах зай завсар гарлаа. Тэрхүү завсраар харагдсан эрдэмтдийн цувааны эхэнд, ойлгох хүмүүсийн тоо нь 10 хүрэхгүй гэсэн үнэлэмжтэй “Харьцангуйн онол” гаргасан А.Эйнштейн зогсож байлаа.
Сонирхуулж хэлэхэд Английн астрофизикч А.Эддингтоноос “Таныг харьцангуйн онолыг ойлгодог гуравхан хүний нэг гэх юм. Үнэн үү” гэхэд “Тэр 3 дахь хүн нь хэн болохыг бодоод олохгүй байна” гэж хариулсан гэдэг.
20-р зуун эхэн үеийн эрдэмтэд болох Шварцшилд, Эдвин Хаббл, Артур Эдингтон нар бүгд энэхүү харьцангуйн онол, хар нүхний онолыг батлахаар ажиллахдаа тус бүртээ шинэ нээлтүүд хийж байжээ. Чухам Эйнштэний нээлтийн ачаар ХХ-р зуун тэр чигтээ шинжлэх ухааны агуу тэсрэлт хийж хүн төрлөхтний сансар огторгуйн талаарх үзэл орвонгоороо өөрчлөгдсөн юм.
Суут эрдэмтэн амьдралынхаа сүүлийн жилүүдийг улс төрд зориулан дэлхийн II дайны дараа Израилийн төр улсыг байгуулахад оролцож, тэр байтугай анхны Ерөнхийлөгчөөр ажиллах санал авч байсан боловч татгалзаж байсан гэдэг.