Энэ удаад 20-р зууны аж үйлдвэрийн 2-р хувьсгалд чухал нөлөө үзүүлсэн, сод сэтгэгч, бүтээгч Никола Теслагийн амьдрал, амжилтын талаар та бүхэнд товч хүргэх болно

Бага залуу нас

-Никола Тесла 1856.07.10-нд одоогийн Хорватын Смиляна тосгонд санваартан гэр бүлийн 4 дэх хүү болон мэндэлжээ. Теслаг 7 настай байхад Госпич гэдэг хот руу нүүсэн байна. Бяцхан хүү хотын номын санд нь сууж тэнд байсан бүх ШУ-ны номыг уншиж донтжээ. Гэрт нь байх шашны судраас өөр физик, ШУ-ны сэдэвтэй зохиолууд хөдөөний жаалд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж улмаар насан туршийнх нь амьдралд онцгой нөлөө үзүүлжээ. Биеэ огт боддоггүй зөрүүд Тесла насан туршдаа хэтэрхий их уншиж судлан яс арьс болтлоо турж эцсэн байдаг.

Энэхүү явдалд санаа нь зовсон эцэг нь түүнийг Прагийн техникийн их сургуулиас гаргаж төлбөрийг нь төлөхөөс татгалзан, онц сурсан баярын бичигнүүдийг нь хүртэл шатаасан юм. Залуу хүү сэтгэлээр унаж улмаар мөрийтэй тоглоомчин болж орон гэрийнхээ хөрөнгийг хүртэл алдаж байсан байна. Нэг хэсэг ийнхүү баахан “зугаацаж” бүр гуларч гүйцсэн нөхрийг хамаатнууд нь тусалж нэгэн радио станцын газар ажилд оруулав. Тесла зохион бүтээх ажилд гаршиж бүр том2 нээлтүүдийг ч бодож олов. Бодсоноо ажил болгохоор Францыг зорьсон боловч тэнд хүнд сурталтнуудад адлагдав

Америкийн зорьсон нь

1884 онд шинэ итгэл өвөртлөн АНУ-г зорьжээ. Зам зуур тээшээ хулгайд алдаж халаас хоосон хоцорсон боловч АНУ-д хөл тавьсан даруйдаа эхний гудамжинд тааралдсан дэлгүүрийн эзний засах гээд ноцолдож буй цахилгаан генераторыг дор нь засаж 20$ хармаалаад авав. Нөгөөдөх нь бүр баярлаад ажилд авах гэсэн боловч Тесла татгалзжээ. Учир нь түүнд агуу том зорилго байлаа. Тэр үед цахилгааны талаар Америкт төдийгүй дэлхийд хамгийн цууд гарсан эрдэмтэн бол гэрлийн чийдэнг дөнгөж нээгээд байсан Томас Эдисон байсан юм.

Тесла найзаараа дамжуулан Эдисонтой уулзаж компанид нь инженерээр ажилд оров. Эдисон чийдэнг нээх гэж 1,000 гаруй удаа туршилт хийн цөхрөлтгүй зүтгэснээ гайхуулахад нь Тесла: “Нэг муу чийдэн асаахын төлөө юун ч сүртэй юм бэ дээ” гэсэн нь хожим Эдисоны мөнхийн өстөн болгожээ.

Энэ явдлаас хойш дахин нэг үйл явдал тохиолджээ. 1885 онд хувьсах гүйдлийн хөдөлгүүрээ Эдисонд танилцуулсан боловч цаадах нь уг бүтээлийг огтоос хүлээж аваагүй юм.  Харин үүний оронд тогтмол гүйдлийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал 50,000$ өгье гэж амалсан байна.  Тесла ч уг хүсэлтийг ганцхан сарын дотор биелүүлсэн бөгөөд амалсан шагналаа нэхэхэд нь Эдисон “Чи Америк маягийн хошигнол огт ойлгодоггүй хүн юм Тесла” хэмээн даапаалсан гэдэг. Энэхүү явдлаас хойш Тесла ажлаасаа гарч хувьсах гүйдлийг зөв зүйл гэдгийг батлахаар ажиллаж эхэлжээ.

Хүн бүр гэртээ цахилгаантай болох боломж нээгдэж, дэнгийн оронд аюул багатай хямд төсөр гэрэл хэрэглэж эхлэв. Гагцхүү энэ цаг үеэс Серби гаралтай зохион бүтээгч “Барууны Шидтэн” Никола Тесла, “Менло Паркийн шидтэн” алдарт Томас Эдисон нарын зам огтлолцох эхлэл тавигдсан юм.

 Цахилгаан гүйдлийн дайн

1879 он. Томас Эдисон тогтвортой ажиллах боломжтой гэрлийн чийдэнг бүтээлээ. Гэрлийн чийдэн нь тосон дэнг бодвол хямд төсөр, аюул багатай байснаас гадна байн байн тосоор цэнэглэж “тордох” шаардлагагүй байсан юм.  Хүн бүрт гэрлийг хүртээмжтэй түгээхийн тулд цахилгаан үйлдвэрлэх станц шаардлагатай болж 1882 онд  Pearl Street Station станц барьсан юм. Энэнхүү станц 100 киловаттын хүчин чадалтай, тогтмол гүйдэлтэй тул цахилгаанаа 800 метр зайнд л түгээх боломжтой байсан байна.

Теслагийн хувьсах гүйдлийн санаа нь цахилгааны хүртээмжийн хүрээг өргөсгөж, холын зайнд хүрэх боломжтой ЭХ-ний эх үүсвэрийг бий болгоход оршиж байсан юм. Энэ нь Эдисоны Нью-Йоркод байгуулсан 18 дулааны цахилгаан станцийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой аж

Ниагара хүрхрээ-УЦС төсөл

1892 он. Цахилгаан гүйдлийг хамгийн ихдээ 800 метрт түгээдэг байсан бөгөөд Тесла нь Ниагра хүрхрээнээс хувьсах гүйдлийн УЦС-р 30 км алслагдсан Буффало хотыг цахилгаанаар хангах төсөл боловсруулжээ. Теслагийн энэхүү төслийг тухайн үеийн том бизнесменүүдийн нэг Жорж Вестингхаус сонирхож одоогийн ханшаар 1 сая гаран $-н гэрээ хийж патентуудыг Теслагаас худалдан авчээ. Энэхүү гэрээ нь Эдисонд хүнд цохилт болох нь тодорхой байв.

Тэрээр өөрийн технологийг сайжруулан өрсөлдөхийн оронд хувьсах гүйдлийг маш аюултай хэмээн хэвлэлээр ухуулан сурталдаж эхлэв. Үүнийгээ тэрээр амьтад дээр туршиж газар дээр нь “нүүрс” болгон шоу үзүүлж байлаа. Тэр үед Лос Анжелес хотын циркийн заан 3 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Эдисон уг зааныг худалдан авч ээлжит шоундаа ашигласан юм. Зааныг 6000 вольтын хувсах гүйдлээр олны өмнө цохиулж амийг нь хороож байжээ.

Компаний дотоод асуудлын улмаас Эдисон энэ тэмцэлд ялагдал хүлээж, Тесла болон Жорж Вестинхаус нарын амжилтыг хөндлөнгөөс харж суухаас өөр аргагүйд хүрсэн юм. Үүний дараагаар Морган энэхүү төсөлд Жорж Вестинхаустай хамтрах хэлцэл хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтлээ. Ийнхүү хэлцэл хийж чадаагүй учир Морган “Уолл Стрит”-д Жорж Вестингхаусыг их хэмжээний өртэй гэсэн шуугиан тараажээ. Энэ нь ч үр дүнгээ өгч Вестинхаус дампуурлын ирмэг дээр ирсэн юм. Энэнээс аврагдах найдвар нь Теслад төлөх ёстой “патентийн төлбөрийн өр”-нөөс салах байлаа.

Тесла ч нөхцөл байдлыг ойлгож патентийн төлбөрөө авахаас татгалзсаны хүчинд “Вестинхаус электрик” компани аврагдсан юм. Энэхүү үйлдэл нь Теслаг хичнээн өгөөмөр хүн болохыг харуулсан ба нөгөө талаар Морганы энэхүү үйлдэл нь Теслагийн ирээдүйн технологийг нээх боломжийг хаажээ

Бүтээлүүд

Тэрээр нийт 112 бүтээл патентжуулсан байдаг ба хувьсах гүйдэл, радар, рентген туяа, усан цахилгаан станц, транзистор, алсын удирдлага, неон гэрэл, цахилгаан хөдөлгүүр, утасгүй холбоо гээд олон шинэ технологид Теслагийн нэр заавал холбогддог.  

Утасгүй цахилгаан дамжуулагч

1893 онд Чикагогийн үзэсгэлэнгээр Тесло утасгүй цахилгаан дамжуулагчийг танилцуулсан байна. Тэрээр хэд хэдэн фосфороор асдаг гэрлийг алсаас асаасан бөгөөд үүнийг цахилгаан динамик индукц гэж нэрлэсэн байна

Маргаантай бүтээлүүд

Зарим шуугиан тарьсан бүтээлийг нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөс олон жилийн өмнө Тесла судалж байсан нь баримтаар нотлогддог. Анх рентгенийг онолын түвшинд судалж ясыг харж болох боломжийг бий болгосон боловч Германы физикч Рентгенийг нээсэн гэж үздэг байна.

Радио долгионыг нээсэн Маркониг та бүхэн андахгүй биз. Гэтэл энэхүү ажил бүгд Теслагийн өмнө хийж байсан ажлаас улбаатай байдаг байна. Радиог хэн зохиосон тухай маргаан дэгдэж ОУ-н шүүхийн шийдвэр Теслагийн талд гарахад тэрээр үл тоож Нобелийн шагналаа авах гэж ч очоогүй байдаг. Маркони тив алгассан шуудан илгээж, дэлхий нийтэд алдар цуугаа дуурсгаж байхад Тесла: -Маркони сайн эрдэмтэн, цааш нь хийж л байг, миний 17 зохиогчийн эрхийг ашиглаж байгаа ч хүнд хэрэг болж л байвал надад хамаагүй” хэмээж байжээ.

Ватсон-Ватт 1935 онд радарыг бүтээсэн. Гэтэл 1917 онд Тесла анх энэ санааг сэдэж Усан цэргийн флотод үүнийг хэрэглэх хэрэгтэй гэж үзэн өөрийн санаагаа илэрхийлэхэд Судалгаа хөгжүүлэлтийн яамыг удирдаж байсан Томас Эдисон флотод ийм технологи хэрэг болохгүй гэсэн хариу өгч байжээ. Мөн газар хөдөлгөгч машин, бөмбөлгөн аянга хүртэл зохион бүтээж байсан байна. Түүний амьд  ахуйдаа хийсэн бүтээснийг нь үнэлж ОУ-н нэгжийн СИ системд Теслагийн нэрээр соронзон орны чадлыг хэмжих нэгжийг нэрлэхээр 1960 онд тогтсон байна.

Үгүйсгэл

Тесла-н санаанд оромгүй маш олон шинэ нээлтүүдийг сонин хэвлэлд сурталдаж байсангүй. Харин эсрэгээрээ түүнийг “солиотой” хэмээн элдэвлэж байлаа. Үүний нэг тод жишээ нь 1921 онд Эйнштэйн, Шмидтэй хийсэн уулзалтын зурганаас Теслаг хасаж сонинд нийтэлж байжээ. Гэвч энэхүү агуу эрдэмтний “хувьсах гүйдлийн онол”- н ачаар аж үйлдвэрийн 2-р хувьсгал явагдаж 20-р зуун бүхэлдээ аж үйлдвэржилт, ШУ-ны зуун болох эхлэл тавигдсан юм. 1931.07.20-нд TIME сэтгүүл Теслаг онцолж оны хүн болгож байжээ

Хувь хүнийхаа хувьд гэр бүлгүй ганцаардмал, 8 хэлээр чөлөөтэй ярьдаг, янз бүрийн нүсэр машин механизм бүтээхдээ ерөөсөө зурж төлөвлөдөггүй бүгдийг нь толгойндоо деталь болгоноор нь дүрсэлж цээжилж чаддаг гэх мэт сод авъяастай, төлөв даруу хүн байжээ.