Энэ удаад ямар нэгэн нээлт, шинжлэх ухааны бүтээл бус дундад зуунаас эхтэй шинжлэх ухаан, танин мэдэхүйн үүсэл хөгжил, 20-р зууны агуу тэсрэлт, 21-р зууны шинжлэх ухааны өнөөгийн нөхцөл байдлыг өөрийн ойлголтоор товч дурдахаар бэлтгэлээ.
Эртний хүмүүс ертөнц байтугай эх дэлхийнхээ үүсэл гарлын талаар огт өөр ойлголттой байв. Тэд дэлхий хавтгай бөгөөд нарыг өдөр бүр аварга амьтан “залгидаг” гэх мэт домог зохион ярьцгаадаг байжээ. Ийн явсаар дундад зуун боллоо.
Энэ үеэс л бид эх дэлхий, сансар огторгуй ертөнцийн талаар анхны ойлголт авсан бөгөөд 17-р зуунд астрономич Галилей манай нарны аймаг нь ертөнцийн төв биш, дэлхий тэнхлэгээрээ эргэдэг төдийгүй нарыг тодорхой хугацаанд тойрон эргэдэг гэх онолыг дэвшүүлж байжээ. Сонирхолтой нь Галилейн онолыг тухайн үеийн шашны мяндагтнууд эрс эсэргүүцэж өөрсдөө дэлхийн насыг “тогтоосон” байдаг бөгөөд тэдний үзэж байгаагаар эх дэлхий маань яг таг 4,350 жилийн нас “насалж” байгаа болж таарч байв.
Гэвч Галилейн дэвшүүлсэн онолыг дараа үеийн олон эрдэмтэд нотолж 3 зууны дараа алдарт эрдэмтэн А.Эйнштейн хүртэл түүнийг “орчин үеийн шинжлэх ухааны өвөг эцэг” хэмээн өгүүлсэн байдаг.
Шинжлэх ухааны тэсрэлт
Хүн төрөлхтний хувьд 20-р зуун бол сансар огторгуйг судлах, танин мэдэхүйн агуу тэсрэлт хийсэн зуун болсон юм. Энэхүү амжилтын өвөг эцэг нь 1900 онд М.Планкын дэвшүүлсэн квант механикийн онол, 1905 онд А.Эйнштэйний дэвшүүлсэн харьцангуйн онол юм.
К.Шварцшилд, А.Эддингтон, Эдвин Хаббл, В.Хейзинберг, Н.Боор, Х.Левэйт нар дээрх онолыг баталгаажуулахаар нарийвчлан судлахдаа тус бүртээ шинэ нээлтүүд хийж байжээ. Чухам эдгээр эрдэмтдийн нээлтүүдийн ачаар хүн төрөлхтний ШУ туйлдаа хүрч, орчин үеийн хувьсал хийж чадсан билээ.
ХХ-р зууны эхэн үеийн шинжлэх ухааны амжилтыг физикч Н.Боорын квант механикийн онолын дагуу атомыг задалж цацраг идэвхит бөөмсийг илрүүлснээр 1940-д онд цөмийн задралын нууцийг нээж хүн төрөлхтний түүхийг цөмийн эрин үеэр үргэлжлүүлсэн юм.
Дээрх эрдэмтдийн ачаар орчлон ертөнцийг 13,8 тэрбум жилийн өмнө агуу тэсрэлтийн нөлөөгөөр бий болсон, сансар огторгуй нь ойролцоогоор 100 сая орчим галактиктай, галактик тус бүрт 100-200 тэрбум ододтой тэрхүү орчлон ертөнц байнгын тэлж байгааг олж мэдсэн байдаг. Орчлонгийн бүх зүйлс материас бүрддэг төдийгүй тэрхүү материйн нөлөөгөөр бид оршин тогтнодог гэдгийг одоо бид мэддэг болсон. Харин их тэсрэлтийн улмаас гэрлийн фотон, бөөмс хэрхэн масстай болж орчлон ертөнцийг бий болгосон нууц 21-р зуун хүртэл тайлагдаагүй юм.
1964 оноос тэрхүү амьдрал үүсгэгч үл мэдэгдэх бөөмсийг “бурханы бөөм” хэмээн нэрлэж орчлон ертөнцөд заавал оршин байх ёстойг таамаглан 40 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2013 онд Швейцарт байрлах адройны агуу коллайдерт илрүүлснээр ертөнцийг бүтээсэн гэх бөөмсийн онол батлагдсан юм
ШУ-ны ирээдүйн төлөв
Бидний амьдарч буй 21-р зуун нь ШУ-ны хувьсал хийх цаг үетэй таарч байна. Бурханы бөөмийг илрүүлж квант механик туйлдаа хүртэл хөгжсөнөөр орчлон ертөнцийг бүрдүүлэгч хар матери, хар энергийг тайлбарлахад алхам алхамаар урагшилж байна. Квант механикт үндэслэн квантын тооцоолон бодох машин бүтээж орчлон ертөнцийн ирээдүйн төлөв байдлыг загварчлах, уламжлалт компьютер дөнгөхгүй асар их хэмжээний өгөгдлийг хормын дотор тооцоолох, загварчлалыг гаргаж төсөөлөх гэх мэт ажил удахгүй хийгдэж эхлэх гэж байна.
Квантын үндсэн нууцийн нэг болох Quantum Entanglement буюу квантын орооцолдооныг судалж тайлбарлаж эхэлснээр юмсыг гэрлийн хурдаас илүү хурднаар “шилжүүлэх” гэх мэт хүн төрөлхтөнд асар их боломжуудыг ирээдүйд бий болгох нь дамжиггүй юм.