Энэ удаад сансар огторгуйг судлах үйлсэд үнэмлэхүй нөлөө үзүүлсэн дуран авайны талаар товч өгүүлэх болно. ХХ-р зууны сансар огторгуйн шинжлэх ухааныг орчин үеийн түвшинд авчирсан томоохон нээлтүүдыг чухам хүчирхэг дуран авайны тусламжтайгаар хийжээ.
Хүн төрөлхтөн анх үүссэн цаг үеэс эхлэн 17-р зуун хүртэл тэнгэр эрхэсийн бүхий л мэдлэгийг зөвхөн энгийн нүдээр ажиглах замаар ойлгож авсан байдаг. Харин 1610 онд Галилей болхи боловч орчлонг дурандаж болохуйц дуран авай хийж тэнгэр эрхсийг судалж эхлэв. Ажиглалтаар Бархасбадь гараг нь сартай, Сүүн замын гэрэлтсэн том манан нь тоолшгүй олон оддын цуглуулга төдийгүй бид ертөнцийн төв биш нар биднийг биш бид нарыг тойрч эргэдгийг олж мэджээ. Гэхдээ дуран авайн хувьсал хийгдэхээс нааш илүү ихийг мэдэх боломжгүй байлаа.
19-р зуунд хүн төрөлхтөн аж үйлдвэрийн хувьсгал хийснээр дуран авайны хүчин чадлыг нэмэгдүүлж газарт суурилсан илүү хүчирхэг, аварга том дуран хийх чадвартай болсон байна. Энэхүү сайжруулалтын ачаар 20-р зуунд бидний сансар огторгуйн талаарх төсөөлөл орвонгоороо эргэсэн юм. ХХ-р зууны эхэнд одон үүлний (галактикыг нэрлэж буй нэр) судалгаа нь нэг том хэрүүлийн алим байв. Тэр дундаа ороон мушгирсан хээгээрээ танил Andromeda одон үүл нь бидний галактикийн яг хаана байгаа вэ гэдгийг тойроод ширүүн мэтгэлцээн өрнөж байжээ.
Калифорниа мужийн Вилсон одон орон судлалын хүрээлэнд байгуулсан хүчирхэг дуран авайгаар эрдэмтэн Эдвин Хаббл огторгуй ертөнцийг судлаад орчлон ертөнц “тэлж” байгааг анх мэдэж, бидний оршин байх Тэнгэрийн заадас оддын ай нь Андромеда (Адаг чуулганы мананцар) оддын айгаас тусдаа оршдог гэдгийг баталсан юм. Сонирхолтой нь огторгуй ертөнц тэлж байгааг Эйнштэйн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Хабблын судалгааны материалтай танилцсаны дараа “сансрын үзэгдлийг тогтмол байхаар оруулж ирсэн явдал бол, миний амьдралын хамгийн том алдаа байсан” хэмжээн хүлээн зөвшөөрсөн байдаг
Дэлхийн 2-р дайны дараа шинжлэх ухааны нээлтүүд, батлах нотлох ажлууд ид өрнөж, байрлуулах боломжтой газруудад асар том хэмжээний дуран авайг олноор байгуулж эхлэв. Шинжлэх ухааны хөгжил дэвшлийн хүрээнд оптик линзны хүчин чадал өсөж байсан ч хувьсал хийхүйц бүрэн дүүрэн тольдож чадахгүй л байлаа. 1980-аад оноос энэхүү дутагдалтай талыг арилгах, сансар огторгуйг саадгүй, бүрэн дүүрэн тольдож чадахуйц дуран авайг зохион бүтээх, улмаар уг хүчирхэг дуран авайг сансарын хөлгөөр дэлхийн тойрог замд хүргэх аварга том төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
Нийт 1,5 тэрбум $-н төсөвтэй энэхүү төслийн ажил дуусаж сансарын Shuttle хөлгөөр 1990.04.24-нд хөөргөж тойрог замд нь оруулснаар сансар огторгуйг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр маш хүчтэй сүүлийн үеийн дуран авайгаар дурандаж эхлэв. Чухам энэ үеэс эхлэн сансар огторгуйн цоо шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Хаббл дуран авайг 3 удаагийн их засвар, техникийн шинэчлэлээр шинэчилж тухай бүрт сансар огторгуйг дурандах орон зай холдсоор байлаа. Зурагт: Хабблийн анхны зураг /тохируулга хийгдээгүй/
Ирээдүйн төлөв
21-р зуун гарснаар илүү хүчирхэг дуран авай шаардлагатай болж 10 тэрбум $-н өртөгтэй James Webb хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн нэрийг 1961-1968 онд NASA-н удирдагч, “Moon” төслийг эхлүүлж байсан James Webb-н дурсгалд зориулан ийн нэрлэжээ. James Webb дуран авай нь нэг онцлогтой бөгөөд анх удаа дэлхийн тойрог замд бус сансарын асар хол тойрог зам буюу (сарны цаана) 1,5 сая км цаана байрлан ажиллах юм байна.
Өөрөөр хэлбэл засвар үйлчилгээ болон аливаа өөрчлөлтийг хийхэд асар хүнд гэсэн үг. James Webb-г 2021.03.21-нд хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү дуран авайг тойрог замд нь амжилттай байрлуулж чадвал хүн төрөлхтний одоо харж буй үзэгдлийн хязгаарыг 280 сая гэрлийн жилээр цаашлуулж ертөнц үүссэн агуу тэсрэлтийн дараа буюу 400,000 жилийн гэрлийн зайд /Dark age/ галактик үүсэж эхэлсэн үеийг харах боломжтой болж байна