XX зууны 2-р хагаст дэлхийн татах хүчийг даван гарч чадах хүчирхэг пуужингууд бүтээгдсэнээр сансрын уудмыг судлах үйлсэд тэсрэлт хийсэн юм. Энэхүү нийтлэлээр хиймэл дагуул үүссэн түүх, ач холбогдлын талаар хүргэх болно.
1610 онд астрономич Галилей анхны өөрийн хийсэн огторгуйн дурангаар Бархасбадь гараг, сар, Сугар гарагийг судлаж байжээ. 1895 онд Оросын эрдэмтэн Константин Циолковский эх дэлхийгээс сансарт хүргэх тээврийн систем болох сансарын өргөгчийн тухай санаа сэдэж байв. 1926 онд Америкийн эрдэмтэн Robert H. Goddard анхны шингэн түлшээр ажилладаг пуужинг амжилттай хөөргөсөн ба 10-аад жилийн турш 30 гаруй пуужин хөөргөхөд 885 км/цаг хурдалж, 2.6 км өндөрт хүрч байжээ.
1944.06.20-нд Нацистууд анхны баллистик пуужинг дайны зориулалтаар туршин ашиглаж (V-2) байсан бөгөөд энэхүү пуужин 12.5 тн жинтэй боловч 5000 км/цаг хурдтай байсан бөгөөд дайны дараа энэхүү технологийг АНУ, ЗХУ авч сайжруулсаар сансрын уудмыг эзэмшихэд томоохон хувь нэмэр болсон юм.
Дэлхийн II дайны дараа ЗХУ, АНУ улсууд сансар судлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд үнэхээр онцгой хувь нэмэр оруулсан юм. Хүйтэн дайны үед технологийн өрсөлдөөнд асар их хөрөнгө хаядаг байсан нь сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд их түлхэц болжээ.
Сансрын уралдаан нь 1957.10.04-нд ЗХУ дэлхийн анхны “Спутник-1” хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөр эхэлсэн бөгөөд энэхүү үйл явдал Америкийг цочирдуулжээ. Үүнээс улбаалан олон хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан сансар судлалын хэсгүүдийг нэгтгэн 1958.07.29-нд NASA байгуулагдсан байна.
Тойрог замд хиймэл дагуул гаргах, сансарт хүн илгээх өрсөлдөөн туйлдаа хүрч 1969.07.20-нд АНУ-ын Нил Армстронг саран дээр хөл тавьснаар намжсан байна. Тэрхүү цаг үед энэхүү өрсөлдөөн нь танин мэдэхүйн чиглэлд ч өрнөж байсан ба өрсөлдөгч 2 талаас гараг судлалын хиймэл дагуулыг удаа дараа хөөргөж байсан юм.
БУД ГАРАГ – MERCURY
NASA-с Буд гарагийг судлах хиймэл дагуул Mariner 10-г бүтээж 1973.11.03-нд хөөргөсөн бөгөөд 1974.03.29-нд Буд гарагаас 704 км зайд буюу гарагийн орбитод орсон байна. Тус хиймэл дагуулыг анх удаа гараг хоорондын таталцлын хүчийг ашиглан Буд гараг руу хүргэсэн гэдгээрээ онцлог юм.
Mariner-10 хиймэл дагуулыг 98 сая долларын өртгөөр Boeing бүтээсэн бөгөөд Буд гарагийн 45%-г судалж, сансарт 1 жил, 4 сар, 19 өдөр, 6 цаг, 36 минут ажиллан түүхэн рекорд тогтоожээ. Хиймэл дагуулын ерөнхий зураг, техникийн үзүүлэлт болон бусад товч мэдээллийг зургаар оруулав.
Тус хиймэл дагуул нь Буд гарагын анхны бүтэн зургийг гаргасан бөгөөд тухайн үед энэхүү зураг нь хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн нарийвчлалтай анхны бодит зураг гэдгээрээ алдаршжээ. Жич: Баруун дээд хэсгийн мөлгөр нь зураг авч амжаагүй хэсэг юм.
MESSENGER хиймэл дагуул
2004.08.03-нд Delta II пуужингаар тус хиймэл дагуул нь Буд гарагийг судлахаар дэлхийгээс хөөрсөн байна. Энэхүү хиймэл дагуулын нь Буд гарагийн үлдсэн бүтэн зураглал гаргах, гарагийн нягтрал, геологийн түүх, соронзон орон, дотоод бүтэц, туйлууд, гадаад орчин (атмосфер)-г судлах зорилготой юм.
Мessenger хиймэл дагуул нь Mariner-10 дараа Буд гарагийг судалсан хоёр дахь хиймэл дагуул бөгөөд гарагийн гадаргууг урьд өмнө үзэгдээгүй нарийн зураглал хийжээ. Гарагийн өдрийн температур +430С, шөнөдөө -180С хүрдэг ба агаар мандалгүй юм.
1990-оны үеэр дэлхий дээрх том том тавган антенуудаар радио долгион Буд гараг руу “явуулахад” хойд туйл орчмын хэсэгт нь маш ихээр ойж байгааг илрүүлсэн байна. Мessenger хиймэл дагуул гарагийн хойд туйлыг судлаад тэнд үнэхээр мөс байгааг илрүүлсэн юм. Мөн Буд гарагийн хойд туйл нь өмнөд туйлаас 3 дахин хүчтэй соронзон оронтой болохыг ч тогтоосон байна
Messenger хиймэл дагуулаас ирүүлсэн гадаргууны бодит бичлэг:
Мessenger хиймэл дагуулийн сансрын аяллын талаар товч:
MESSENGER төслийн талаарх товч бичлэг: