Унадаг дугуй нь их бие ( бидний мэддэгээр “рам”), хөдлөх анги, дугуй болон бусад хэсгүүдээс бүрдэнэ. Өнөөгийн бидний мэдэх хэлбэрийг олтлоо унадаг дугуй нь 100 гаран жилийг туулсан ажээ.
Өнөөдөр ихэнх дугуй доорх зураг шиг 2 гурвалжинг нийлүүлсэн бүтэцтэй их биетэй байдаг. Diamond бүтэц ч гэж нэрлэх тохиолдол бий.
Гурвалжин бүтэц нь бага материалаар бат бөх бүтцийг үүсгэдэг ба үүний давуу талыг нь инженерчлэлийн олон жишээнээс харж болно. Тухайлбал өргөгч краны их бие, телевизын цамхаг, Эйфелийн цамхгийн бүтэц гэх мэт.
Материал
Дугуйн рамыг нь хамгийн анх модоор, дараа нь бараг зуугаад жил төмрөөр хийдэг байв. Хөнгөн цагааны хайлшийг боловсруулж, гагнадаг болсон 1970-аад оноос дугуйн раманд ашиглаж эхэлсэн байх юм. Хөнгөн цагаан хэрэглэх болсон шалтгаан нь “хөнгөн” гэдэг нэрнээсээ ойлгомжтой байх. Дугуйнд хамгийн түгээмэл ашигладаг 6061 хайлшийн нягт төмрөөс 3 дахин бага байдаг. Үйлдвэрлэгчид үүгээр ханасангүй. рамыг бүр хөнгөн болгох бас нэг арга сэдсэн нь butted буюу хөндийлөх. Төмрийг бодвол хөнгөн цагааны хайлш хөнгөн боловч хатуу тул амархан хугарах эрсдэлтэй. Үүнийг шийдэхдээ бусад эд ангитай залгагдах хэсгээрээ хэсгээрээ бүдүүн, бусдыг нь нарийхан болголоо. Таны дугуйн дээр butted гэсэн бичиг байвал илүү хөнгөн байх нь ээ.
Дугуйн рам хийхэд хамгийн тохиромжтой материал уг нь титаны хайлш юм. Хөнгөн, бат бөх, харьцангуй уян зэрэг чанараас нь болж онгоц, сансрын хөлгийн эд ангиудад түгээмэл ашигладаг. Зах зээл дээр титанаар хийгдсэн дугуйн рам дангаараа 1500 доллараас эхлэх болохоор өргөн хэрэглээ болох боломжгүй.
Дараагийн сонголт бол карбон рам. Карбон хуудсуудыг ширхэгийг нь зөрүүлэн олон давхарлаж хэвэнд цутгаснаар хүссэн хэлбэртэй их бие гарган авдаг. Монгол үндэсний нумыг ойролцоо аргаар, олон төрлийн материал, шөрмөс давхарлаж хийдэг .
Карбон рам хийх нь тийм ч хялбар биш болохоор та сонголт хийхдээ аль болох нэр хүндтэй, үнэтэйг сонговол найдвартай шүү .